Гурван жилийн цэргийн алба бидэнд хэрэгтэй юу?


Сүүлийн үед хүмүүсийн үзэл бодлыг талцуулж буй нэгэн сэдэв бол “Монголын бүх иргэд гурван жил цэргийн алба хаах” тухай асуудал боллоо. Учир юу гэвээс Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ “Бүгдээрээ 1-3 жилийн цэргийн алба хааж, бие бялдарын хөгжлөө сайжруулж Нэг цэрэг-Нэг үндэстэн болцгооё” гээд хэлчихэж.
Хуучин үед гурван жилийн цэргийн алба хааж байсан хүмүүсийн хэлснээр “бидний үед арми бол социализмын үеийн аливаа байгууллагын нэгэн адил “нүд хуурах” тал дээр маш сайн суралцдаг газар байсан. Ротын дарга, ангийн даргын үзлэг, Яам тамгын газраас шалгалт ихтэйг ч хэлэх үү. Сайхан хуурна. Харин хуурч чадаагүй бол “паакталлаа” гээд багадаа гурав, цаашлаад тав хоногийн дэг эхэлнэ. Нэг удаагийн зодуур, 50-60 минутын “галуун цуваа”, 60, 80, 100 суниах зэрэг дэг нь хэцүү шаналгаатай ч гол нь хурдан өнгөрдөг учраас гайгүй. Харин салаа, ротоороо буу, баг, ОП цувтайгаа 3-5 хоног явах ч мөн яггүй дээ. Сүүлдээ бүр унтаа, сэрүүн байгаагаа өөрөө мэдэхээ больчихдог сон. Эхний жилдээ зодуур нэлээн сайн үзнэ, хоёр дахь жилдээ амиа тээгээд явна. Харин гурав дахь жилдээ хүн дээрэлхэхэд сайн суралцана.
Бид цэргийн албаа дуусгасны дараа амьдралынхаа гурван жилийг үр ашиггүй өнгөрүүлснээ ч тоосон юмгүй “эр хүний албыг давлаа”, “армид жагсаалын дарга, салааны орлогч, тасгийн дарга байлаа”, “цэрэгт ингэж тэгж жаалж байлаа” гээд баахан хөөрцөглөдөг. Одоо бодоход хайран гурван жил минь, ямар их зүйл сурч мэдэх, юу хийх байсан гурван жилээ алдсан бол гэж харуусдаг” гэж байв.
“Эх орноо хамгаалах” гэдэг лоозун байдаг. Үүнийг өнөөгийн Монголын гадаад дотоод нөхцөлтэй холбон улс төрийн агуулгаар авч үзье. Юун түрүүнд, хэнээс хамгаалах гээд байгаа юм бэ гэсэн асуулт гарна. Бидэнтэй хөрш Хятад, Орос гэсэн хоёр л улс байна. Энэ хоёр бол цэрэг-армийн хувьд манайхтай эгнэшгүй, дэлхийд эхний гуравт ордог хоёр том гүрэн.
“Энэ хоёр улс уг нь манайхыг эзэлье гэсэн санаа агуулж байдаг авч Монголын армиас айгаад орж ирдэггүй юм” гэвэл даан ч гэнэн, бас тэгээд тэнэг дүгнэлт болох байлгүй. Тэд цэрэг армиар манайхыг эзлэхгүй. Бид эдийн засаг, соёл, оюун санааны дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Бид эх орон гэж хэнхдэг цээжээ хоосон дэлдэх хэрэггүй. Дэлхийн хүний мэддэг зүйлийг мэдэж, мэдлэг боловсрол, танин мэдэхүй, соёлоороо дэлхийн дунджид оччихсон байхад хамгийн бат батлан хамгаалах хүчтэй болно. Юмсыг материаллаг талаас биш оюун санааны талаас харвал ийм л байгаа юм.
Угтаа бол гурван жилийн цэрэг бол өнгөрсөн үедээ л хэрэгтэй байсан. Одоогийн бүх зүйл хувьсан өөрчлөгдөж, өдрөөс өдөрт шинэчлэгдэж буй энэ үед хойшоо бус урагш харж л сэтгэх ёстой. Залуусыг эдийн засгийн үр ашигтай ажил эрхлүүлж, сурч боловсорч хөгжихөд нь анхаарахын оронд цэрэг болгож албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй юмсанж.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ