Д.Тэрбишдагва: Тагнуул, цагдаа оруулаад Оюутолгойг шалгая

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: Намрын чуулган завсарлахад гурван долоо хоног үлдлээ. УИХ завсарлахаасаа өмнө олны анхаарал татаж байгаа асуудлуудад хариу өгөх шаардлагатай. Хүний эрх, иргэний эрхийн талаар хөндөж ярих ёстой.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар би Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан, хүлээж авахгүй байна. Гурван удаа буцаалаа.

Энэ хүнтэй холбоотой асуудлыг УИХ-аар нээлттэй сонсъё гэхэд боломжгүй гээд арга буюу бид хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт иргэд хууль хяналтын байгууллагынхантай холбоотой асуудлыг ярьсан. Гэтэл өнөөдөр тэр хүмүүсийг улсын прокурорт шилжүүлсэн байна. Ямар хүнд байдалд оруулж байгааг өнөөдөр мэдэх хүн байна уу.

Яагаад УИХ ажлын хэсэг гаргаад энэ асуудлын үнэн мөнийг тогтоодоггүй юм бэ,хуулийн байгууллагад тэр хүмүүсийг өгөх биш энд яагаад иргэдийнхээ үгийг сонсож болдоггүй юм. УИХ-ын гишүүний гомдлыг хүлээж авахгүй байхад иргэдийг яах бол. Ийм байхад УИХ тараад явлаа юу, цагаан сараа тэмдэглэлээ юу.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Л.Болд гишүүний хөндсөн асуудлаас илүү өвөлжилтийн талаар өнөөдөр Засгийн газраас мэдээлэл сонсох шаардлагатай байна. Хуульдаа нийцүүлээд С.Бямбацогт гишүүний өвөлжилттэй холбоотой асуудлаар тавьсан асуулгын хариуг сонсмоор байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Оюутолгойн асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулмаар байна. Өмнө нь энэ асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад тодорхой асуудлыг сайжруулж явж байсан. Ажлын хэсэг 1.8 тэрбумын зөрчил илрүүлэхэд Дубайн гэрээгээр байхгүй болгосон.

Айлчлал хийгээд гаднаас 500 сая ам.доллар олж ирлээ гээд баярлаад байна. Гэтэл өөрийнхөө газар нутаг дээр ажиллаж байгаа компани нь зөрчил гаргаад байхад ажилладаггүй. Тагнуул, цагдаа оруулаад УИХ-аас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргая. “Эрдэнэт” үйлдвэрийг УИХ шалгаж болдог, “Оюутолгой”-г шалгаж чаддаггүй байж таарахгүй" гэв.

Ийнхүү гишүүдийн байр суурийг сонссоны дараа чуулганы үдээс хойших хуралдаанаар өвөлжилтийн талаар мэдээлэл сонсохоор боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ