Д.Сарангэрэл: Өвөлжилт хүнд сумдад түргэн тусламжийн машин олгоно


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийн урд талын сумдад өвөлжилт хүндэрлээ. 150 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй, 400 тонн өвсийг үнэгүй нийлүүлээч ээ гэдэг хүсэлт гаргаад байна. Өвс, тэжээлийг сумдад хүргэхэд тээврийн асуудал маш хүнд боллоо.
Хөдөө байтугай нийслэлд дугаарлаж байж, 30 мянган төгрөгөөр 10 литр бензин авч байна. Цас зудтай байгаагаас зам даваа хаалттай байна. Үүнд анхаараач ээ.
Хэд, хэдэн сумдын эмнэлэгт машин хэрэгтэй боллоо. Хурх, Дархан зэрэг сумдын машиныг шийднэ гэдэг ам өчиг өгсөн. Өвөл, хаврын хэцүү цагт шаардлагатай байна, Эрүүл мэндийн сайд аа анхаарч үзээч ээ.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш:
Малчдад өвс, тэжээл хүргэхэд гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу орон нутагтай хамтарч ажилласан.4.5 тэрбумыг өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зарцуулсан. Хэнтий аймагт 211.1 сая төгрөг шийдвэрлэж хүргүүлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өнгөрсөн жил зун, намар зуншлага тааруугаас хадлан тэжээл хангалттай төвшинд бэлтгэж чадаагүй. Засгийн газар хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. 2017 оны төсвийн тодотголд 4.5 тэрбумыг суулгаж өгч шийдвэрлэсэн.Хамгийн хүнд хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо.
Хэнтий аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрсэн байгаа. Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилах шийдвэр гаргалаа. Ирэх пүрэв гарагаас Шадар сайд аймгуудад ажиллана.
Цагаан сар хаяанд ирж байгаа ч хавар үргэлжилнэ. Малын тэнхээ тамир доройтсон үед яаж ч өвс тэжээлээр тордоод нэмэргүй, хэвтээд өгнө. Одоо л сайн тордох шаардлага байгаа. Улсын хэмжээнд 66.5 сая толгой мал тоологдсон. Хонин толгойд шилжүүлбэл 110 сая малаа онд бүрэн оруулах ёстой.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Малчдын гар дээр бэлэн мөнгө алга, худалдаад авах тамиртай малчин алга. Ноолуураас нь өвс, тэжээлийн үнээ суутгаад авах бололцоотой юу.Энийг л малчид асууж байна.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш: Өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох ажлыг аж ахуйн нэгж зохион байгуулж байна. Нийтдээ 636 сая төгрөгийн тэжээлийг зээлээр, ноосны урамшууллаас нь тооцож авахаар 109 сая төгрөгийн тэжээл олгосон байна. Мөн арьс шир түүхий эдээр нь зээлээр өвс, тэжээл олгосон.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өвөлжилт хүнд сумдад түргэн тусламжийн машин олгоно.
Хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн засвар, бензины зардал, эм эмнэлгийн хэрэгслийг шийдээд өгсөн учраас хүндрэлгүйгээр тусламж үйлчилгээг хүргэнэ.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Д.Цогтгэрэл:
Улсын хэмжээнд энэ сарын 16-ний байдлаар шатахууны 37 хоногийн нөөцтэй байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа. Тодорхой шийдвэр гартал үнэ нэмж болохгүй. Тэр зохицуулалт хийгдээд явж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ