"Оюутолгой"-д олноороо анхаарсан долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
"Оюутолгой" компанийг шүүмжлэв
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав "Оюутолгой" компанийн талаар мэдэгдэл хийлээ. Д.Загджав "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна” гэв.
700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээ хийв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоноос хойш гадаад улс дахь анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээг шийдлээ. Энэхүү зээлийг төсвийн дэмжлэг гэхээсээ илүү агаарын бохирдлын эсрэг төслүүдэд 500 орчим сая ам.долларыг нь зарцуулах зорилготой байгаа аж.
Ерөнхийлөгч СБД-ийн иргэдтэй уулзав
Ерөнхийлөгч Х.Баттулга /2018.01.15/ нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдтэй чөлөөт уулзалт хийлээ. Ерөнхийлөгч өмнө нь Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзсан юм. Уулзалтаар цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонссон аж. Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог байхыг эрхэмлэж, би бага ярьж, та бүхний саналыг сонсч, өнөөдөр тулгамдаж байгаа асуудлуудыг ний нуугүй ярьж УИХ, Засгийн газарт хамтдаа ташуур өгөх зорилготой. Нэн тэргүүнд Ерөнхийлөгчийн хувиар УИХ-д утааны асуудлаар онц байдал зарлах хүсэлт хүргүүлсэн” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-аас шалгаж эхлэв
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Одоогоор түүнийг АТГ-ын газрын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй болон дотроосоо мэдээлэл задруулсан байх магадлалтай ШШҮХ-ийн шинжээч нарыг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх боломжгүй гэж үзэв
МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд Шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон даргаар О.Баасанхүүг бүртгэх боломжгүй гэж үзсэн байна.
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл өгнө гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанй үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнгөрсөн жил зун, намар зуншлага тааруугаас хадлан тэжээл хангалттай төвшинд бэлтгэж чадаагүй. 2017 оны төсвийн тодотголд 4.5 тэрбумыг суулгаж өгч шийдвэрлэсэн. Хамгийн хүнд хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо. Хэнтий аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрсэн байгаа. Засгийн газрын хуралдаанаас улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилах шийдвэр гаргасан” гэв.
“Тагнуул, цагдаа оруулаад Оюутолгойг шалгая” гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулмаар байна. Өмнө нь энэ асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад тодорхой асуудлыг сайжруулж явж байсан. Ажлын хэсэг 1.8 тэрбумын зөрчил илрүүлэхэд Дубайн гэрээгээр байхгүй болгосон. Гэтэл өөрийнхөө газар нутаг дээр ажиллаж байгаа компани нь зөрчил гаргаад байхад ажилладаггүй. Тагнуул, цагдаа оруулаад УИХ-аас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргая. “Эрдэнэт” үйлдвэрийг УИХ шалгаж болдог, “Оюутолгой”-г шалгаж чаддаггүй байж таарахгүй" гэв.
Нийгэмд
Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийджээ
Европын холбоо Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсан билээ. Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар " Европт байгаа бүх ЭСЯ жагсаалтаас гаргах тал дээр тодорхой идэвх зүтгэл гаргалаа. Нэгдүгээр сарын 18-нд Брюссельд байгаа Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалт боллоо. Уулзалтаас Монгол Улсыг жагсаалтаас гаргах нь зөв гэж шийджээ. Энэ саналаа дараагийн буюу 23-нд болох хуралд оруулахаар болсон байна. Бид нар эндээс эерэг үр дүн гарна гэж итгэж байгаа” гэлээ.
Тост, Тосон Бумбын нурууг ухахаа зогсоохыг шаардав
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар тус сумын иргэд "Манай суманд 38 ширхэг уул уурхайн лиценз байна. Эдгээрийн 25 нь ашиглалтын лиценз бөгөөд үлдсэн 13 нь хайгуулынх. Өмнөговь аймгийн Гурван тэс сум уул уурхайгаас болоод бэлчээргүйдэж, малчдын амьдрал хүнд байна. Нутаг орноо хамгаалахын тулд бид 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлснийг зогсоохыг шаардаж байна" гэв.
Тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
Засгийн газрын өчигдрийн /2018.01.19/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа ахмадын болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.
Дэлхийд
Умард, Өмнөд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсана
Хоёр багийн тамирчид Пёнчаны олимпийн наадмын нээлтийн үеэр нэг далбаан дор жагсан явахаар БНАСАУ, Өмнөд Солонгосын албан ёсны төлөөлөгчид тохиролцсоныг телевизийн BBC News суваг мэдээлжээ. Тохиролцсон ёсоор, олимпийн наадмын нээлтийн үеэр хоёр орны багийнхан “Улс үндэстнээ сэргээн нэгтгэхийг эрмэлзэж байдгаа илтгэн харуулах” аж.
Казахстанд автобус шатаж, 52 хүн амиа алджээ
Казахстанд шатсан автобус Узбекистанаас Орос руу явж байжээ. Галд 52 хүн амиа алдсаныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Энэхүү эмгэнэлт явдал Актюбинск мужид Самара-Шымкентийн замд болжээ. Ердөө таван хүн, түүний дотор гурван жолооч машинаас гарч чадсан байна. Мужийн захиргааны ажилтны хэлснээр, цахилгааны утсанд богино холбоос үүссэн нь гал гарах шалтгаан байж мэдэх ажээ.
ОХУ цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэгдэхээс татгалзав
Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн цөмийн зэвсэг хориглох тухай асуудлаар хийсэн хуралдаан дээр үг хэлэхдээ, тус улс цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэгдэхгүй гэж мэдэгдсэн байна. Оросын ГХЯ-ны сайтад ингэж мэдээлжээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ