Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана


БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Тус чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын хэд хэдэн уулзалт хийж, УИХ-ын гишүүд салбар хуралдаануудад оролцлоо.
УИХ-ын дарга М.Энхболд эхний уулзалтаа Бүгд Найрамдах Чили Улсын Үндэсний конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Фидель Эспинозатай хийв. Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү ойртуулах, түүгээр дамжуулан худалдаа, эдийн засгийн харилцан түншлэл тогтоох нь чухал байгааг хөндөж ярилцлаа. УИХ-д Монгол-Латин Америкийн парламентын бүлэг байдаг бол Чилийн парламентад Монголын бүлэг байхгүй юм байна. Тиймээс тун удахгүй Чили-Монголын бүлэг байгуулна гэж ноён Фидель Эспиноза амлалаа.
Байгалийн баялгийн ашиглалт, ялангуяа зэсийн олборлолт, боловсруулалт, борлуулалт, үнэ гэх мэт асуудлаар яриа хөөрөө өрнүүллээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн гол тоглогч байхын тулд Чили-Перу-Монгол гэсэн гурамсан холбоо бий болгох нь зөв гэж Чилийн парламентчид үзэж байна. Парламентуудын хамтын ажиллагааг үр ашигтай өрнүүлэхийн тулд тодорхой нэг асуудлаар, тухайлбал хууль тогтоох байгууллагын ил тод байдал, эсвэл гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлаар хамтран ажиллаж болно гэж тэд онцоллоо.
Түүнчлэн Чили Улс сүүлийн жилүүдэд боловсролын салбартаа онцгой анхаарал хандуулж, тогтолцооны шинэчлэл хийж байгаа тул энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар арга туршлагаа харилцан солилцох боломжтой гэдгийг Конгрессийн гишүүн Жоржиа Жексон тэмдэглэсэн бол УИХ-ын дарга М.Энхболд Чилийн хөрөнгө оруулалтын болон баялгийн сан бүрдүүлэлт, тэтгэврийн даатгалын тогтолцооны туршлагаас суралцах хүсэлтэй байдгаа илэрхийллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ