"Хятадаас ирж байгаа бэлэн хувцаснууд татваргүй шахуу ирдэг"


Монгол Улсын оёдлын салбарын мэргэжлийн холбоо байгуулах санаачлагчдын зөвлөлөөс өнөөдөр /2018.01.22/ мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд “Денимон“ ХХК-ийн ерөнхий захирал Д.Тунгалаг, “Танан Зэт” ХХК-ийн захирал Ч.Энхзаяа, ”Асралт баян Хайрхан” ХХК-ийн захирал Т.Отгонболд, “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал,“Аминаарайсен“ компанийн ерөнхий захирал Х.Баяраа нар оролцов.
Тэд 'Социалист системийн үед Монгол улсын оёдлын салбар бүх талаар хөгжиж, дотоодын үйлдвэрлэлээр улсын оёмол бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чаддаг байсан. Харин улс орон бүхэлдээ зах зээлийн харилцаанд шилжсэнээр оёдлын салбарын нэгдсэн бодлого алдагдаж, хувьчлал нэрийн дор үйл ажиллагаа нь жигдэрсэн оёдлын том үйлдвэрүүдийг жижиглэн хувааснаар өрсөлдөх чадвар муутай олон жижиг нэгж болж, өрхийн үйлдвэрлэлийн хэмжээндхүртлээ унаж, зогсонги байдалд орлоо. Энэ байдалд анхаарал хандуулж, оёдлын салбарыг сэргээх хэрэгтэй' гэсэн байр суурь илэрхийлж байв.
"Денимон“ ХХК-ийн Ерөнхий захирал Д.Тунгалаг: Монгол улс жилдээ 516 орчим тэрбум төгрөгийг гадны улсууд руу зөвхөн өргөн хэрэглээний бэлэн хувцас авахад зарцуулдаг гэх Монголбанкны судалгаа байдаг. Тэдгээр хувцасны 89 хувийг Хятадаас оруулж ирдэг. Бид дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой оёмол бүтээгдэхүүнийг Хятадаас 516 тэрбум төгрөгөөр худалдаж авч байна. Бусад өндөр хөгжилтэй орнуудын хувьд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой байдаг. Гадаадаас оруулж ирэх түүхий эд материал дээр нь татвараас чөлөөлж, харин импортоор оруулж ирж байгаа бэлэн хувцсанд 20-40 хувийн гаалийн татвар тогтоодог. Манай улсад энэ бодлого дутагдаж байна.
Монголын хувьд гадны улсаас импортолж оруулж ирж байгаа бэлэн хувцсанд ердөө л таван хувийнгаалийн татвар төлдөг. Гэтэл оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд бүгд хууль дүрмийнхээ дагуу бүх татвараа төлөөд, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тийм ч учраас дотоодод үйлдвэрлэж байгаа хувцас импортоор оруулж ирж байгаа хувцаснаас хямдхан байх ямар ч арга байхгүй шүү дээ.
Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс хямдхан үнээр Монголдоо хийсэн хувцсаа худалдахын тулд дотоодын үйлдвэрлэгчдэд татварын жигд бодлого хэрэгтэй. Худалдан авалт сайн, ашигтай байх хэрэгтэй. Хятадаас орж ирж байгаа бэлэн хувцаснууд бараг татваргүй шахуу ирдэг. Өрсөлдөөний шударга зах зээлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.
Оёдлын салбарын мэргэжлийн холбоо байгуулагдаж, үйлдвэрлэл эрхлэгчид нэгдсэнээр салбарын техник, технологийн хөгжлийн бодлого, боловсруулах, борлуулалтын дотоод зах зээлийг хамгаалахад чухал ач холбогдол гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Урсгалаараа яваа унтаа салбарыг эдийн засгийн үр өгөөжөөрөө улс орны тэргүүлэх салбарын нэг болгож, олон мянган хүнийг баталгаатай ажлын байраар хангаж, гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бодитоор бий болгоно гэж тэд тайлбарлав.
Монгол Улсын оёдлын салбарын мэргэжлийн холбоо байгуулах санаачлагчдын зөвлөлөөс энэ сарын 27-нд “Туушин” зочид буудалд Оёдлын нэгдсэн холбоо байгуулах хурал зохион байгуулах бөгөөд 200 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох хүсэлтээ илгээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ