2018 онд газрын санг бий болгоно


Нийслэлийн Газрын алба иргэдэд үйлчилгээгээ илүү ойр байлгаж, нээлттэй ажиллах үүднээс олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, газрын албаныхан болон олон нийтийн төлөөлөл болох 1,000 орчим иргэн оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун албаныхаа 2017 оны ажлын тайлан болон 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа.
Нийслэлийн Газрын алба иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад 27 нэр төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна. Тухайлбал, өнгөрсөн онд 20,815 албан бичиг хүлээж авснаас 20,718 шийдвэрлэжээ. Харин 34,949 өргөдөл гомдол хүлээн авснаас 30,694 шийдвэрлэсэн бөгөөд 4,249 өргөдөл шийдвэрлэх шатандаа буюу тухайн шатны Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа аж.
Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94 хувьтай байгаа бол дундаж хугацаа 16 хоног 6 цагтай гарсан байна. Өөрөөр хэлбэл, иргэн аж ахуйн нэгжүүдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явц сайн байгааг тоон үзүүлэлт харуулж байгааг онцолсон юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "Нийслэлчүүдийн амьдралын мөнхийн сэдэв болсон, байнга асуудал дагуулж байдаг газрын асуудлуудын талаар гарц шийдлүүдийг гаргахаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Газрын албаны үйл ажиллагааг иргэд их шүүмжилдэг. Энэ үйл ажиллагааг цаашид илүү нээлттэй, ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг болгох арга хэмжээг авна.
Мөн цаашид газрын асуудлыг боловсронгуй болгож, газрын үнэ цэнийг нэмэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллана" хэмээн онцлов.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Газрын албанаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулж, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлсэн, нийслэлийн бүтээн байгуулалтын 79 ажлын газрыг бүрэн хийсэн, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхээр орц гарц чөлөөлөх ажлыг хийсэн.
Мөн иргэн аж ахуйн нэгжийг чирэгдүүлэхгүй байх үүднээс газар эзэмших эрхийг 15 жилээр сунгадаг болгосон. Нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгохыг бүрэн зогсоосон, сургууль, цэцэрлэгийн хашаанд олгосон газрын эрхийг хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн гээд иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхээр олон ажлыг зохион байгуулсан.
Харин 2018 онд газрын ухаалаг менежментийг нэвтрүүлэх, газрын бирж, газрын санг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийлүүлэх гэх мэт иргэдэд илүү нээлттэй, илүү ойр ажиллах, мэдээллийг ил тод байдлыг хангах зорилгоор цахим үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр зорьж байна" гэв.
Газрын алба нь 2016 оныг хүртэлх үйл ажиллагаагаа 1.0 гэсэн тоогоор илэрхийлж байгаа бол 2018 онд багтааж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажлуудаа 3.0 гэсэн тоогоор илэрхийлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, газрын алба цахимжсан, иргэдэд ээлтэй, хүнд сурталгүй, агуулга болон хэлбэрийн хувьд иргэдийн санал гомдол, чирэгдлийг багасгах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө ингэж нэрлэж байгаа юм байна. Хуучин 1.0 зарчмаар ажиллаж байсан бол одоо 2.0 зарчмыг алгасан дэвшиж шууд 3.0 зарчим руу орж байна гэсэн үг юм.
Түүнчлэн 2018 оны тавдугаар сард газар өмчлөлийн хуулийн хугацаа дуусна. Хуулийн хугацааг сунгах талаар тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаагаа газрын албанаас мэдэгдсэнийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжиж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ