Тэсгим хүйтэнд ч тэсэж амьдарна бид

Идэр дөрвөн есийн хүйтэн тачигнасан өвөл цаг. Өвлийн улиралд дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэг Улаанбаатарт ажиллаж, амьдрах амаргүй. Халуунд халж, хүйтэнд хөрөн ажлын хүндийг нугалалцдаг ч хүний нүдэнд өртөж, хийсэн зүйл нь тэр бүр сайшаагддаггүй хүмүүс байдаг. Гэхдээ тэд л нийслэлийн өнгө төрхийг өөд нь татаж хамгийн чухал, арын фронтыг хариуцдаг.

Үүрийн таван жингээр хүйтэн жавар сөрж алхсаар дулаан тохилог биш, хүйтэн, хогтой ажлын байраа тэд хүлээн авдаг. Энэ бол тохижилт үйлчилгээний албаныхан, гар дээрээс худалдаа эрхлэгчид, замын цагдаа нар юм. Тэд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол халуун хүйтэнд халгахгүйгээр урдах ажлаа урамтайгаар хийж байдаг тэвчээртэй хүмүүс. Монголчууд угаас их тэвчээртэй ард түмэн юм.

Түүнчлэн зах, гудамжинд гар дээрээс худалдаа эрхэлж буй хүмүүсийг бүгд л гутал, хувцасаа хэрэндээ л зузаалж өмссөн харагдавч хөлөө хооронд нь хавсарч, бээрсэн гараа амнаас гарах уураараа дулаацуулах нь ихээр даарч байгааг нь бүрэн илтгэдэг. Тэд жилийн дөрвөн улирлын ааш, аяг ажиллаж буй орчин нөхцлийнхөө юунд ч бөхийлгүйгээр амьдралынхаа төлөө хөдөлмөрлөдөг тэвчээртэй хүмүүс.

Мөн үүний цаана өвлийн цасан шуурга, хунгарласан их цасан дунд ажиллаж буй малчид, тээврийн жолоочид маань бий. Тэд маань хэдэн малаа онд мэнд оруулж, хавартай энх золгохын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг хүмүүс юм.

ТҮК-ийн ажилчдын хувьд агаарын бохирдол, цасан шуурга тачигнасан өвлийн хүйтэнд үл ажран тэд ажиллаж л байдаг. Он солигдох мөчид талбайн дүүрэн хүний баярлан цэнгэж, үлдээсэн хогийг өглөөний долоон цаг хүртэл эдгээр хүмүүс цэвэрлэдэг. “Сайхан хотдоо сэтгэл дүүрэн амьдаръя” уриаг унтах нойр, идэх хоолоо хасан биелүүлдэг тэдний ажлыг үнэлэхгүй байхын аргагүй.

Өвлийн хүйтэн өдрүүдэд өдөржин гадаа байх нь бүү хэл автобус, унаа хүлээх зуур царай алддаг заримд ТҮА-ны ажлыг төсөөлөх юм биш. Гэхдээ энэ маягаар хэн нэгний ээж, өрхийн тэргүүн амьдралаа босгож, үр хүүхдээ сургаж буй. Заримдаа бид завгүй амьдралын хэмнэл дундаас дэргэд байгаа сайхан зүйлээ хардаггүй юм шиг.

Тиймээс таны, миний бусдын ухамсарыг чимээгүй ажиглаж, дуугүй ажилладаг тэднээр бахархаж бас хүндэлмээр. Ойрын үед хүйтний эрч улам чангарч буй эдгээр өдрүүдэд таны хаясан тамхины иш, чихрийн цаасыг цэвэрлэж, бидний амьдрах орчинд гэгээ татуулдаг тэдэнд сэтгэлтэй л хандвал болох гээд байгаа юм.

Тэрчилэн дулаан ордонд халуун сандал дээр тухлан суугаа төрийн түшээд минь зөв зүйтэй бодлогоор иргэдээ залаад өгөөч. Энэ сайхан тэвчээртэй, дайчин ард түмнээ дэмжээд яваач. Амьдралын ямар ч нөхцөл, нийгмийн аль ч шахалтад нугарахгүйгээр урагшаа харж, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа шүү ард түмэн минь.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ