"Оюутолгой"-д ажиллаж байсан 40 гаруй гадаад иргэнийг албадан гаргажээ


Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд энэ сарын 10-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт хяналт шалгалт хийжээ.
Уг хяналт шалгалтад“Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Медика Монголиа”, “Мөнх ноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын,49 улсын 449 гадаадын иргэнийг хамруулсан байна.
Энэ үеэр Оюутолгой уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын иргэдийн бичиг баримтад шалгалт хийх явцад визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогджээ. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Тайландын Вант Улсын нэр бүхий тав, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад Улсын нэр бүхий ес, Австрали Улсын нэр бүхий найм, АНУ-ын нэр бүхий арван, БНХАУ-ын нэр бүхий дөрвөн, ХБНГУ-ын нэр бүхий нэг, Шинэ Зеланд Улсын нэр бүхий нэг иргэнийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ