"Шатахуун импортлогчдод хариуцлага тооцохыг шаардаж байна"

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Хамтарсан үнийн зөвлөл он гараад хоёр удаа хуралдсан. Зөвлөлийн хурлаар зөвлөмж гаргаж Засгийн газар болон импортлогч компаниудад хүргүүлсэн байгаа. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр шатахууны нөөц улсын хэмжээнд хангалттай байна гэсэн. УИХ дээр МАН-ын бүлгийн дарга 45 хоногийн шатахууны нөөц бий гэсэн дүгнэлт хийж байсан.

Өөрөөр хэлбэл борлуулалтын хувьд бэрхшээл гарахгүй юм байна гэсэн ойлголтоор үнийн зөвлөл зөвлөмж гаргасан. Үүнийг 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр гаргасан байгаа. Зөвлөмжид өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэхгүй байх талаар тусгагдсан. Харамсалтай нь зөвлөмж гарснаас хойш гурав хоногийн дотор нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа.

ШТС-уудад маш урт дарааллууд үүссэн, бухимдал их байна. Зарим газар зөвхөн картаар борлуулж байна. Дийлэнх ШТС-д шатахууны борлуулалт хүнд байна. Тиймээс бид МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо.

Үнээ нэмэхгүй байх үүргээ хүлээхгүй байгаа ААН-үүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцооч гэсэн шаардлагыг тавьж байна. Хэрэглэгч буюу иргэдийг төр засагтай нь хамт "нөлөөлөх, шантаажлах" замаар энэ асуудлыг шийдэх нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ