УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах уу?


Төрийн ордонд өдрийн од шиг үзэгддэг Б.Наранхүү гишүүнийг Засгийн газрын хуралдаан болон чуулганд суудаггүй гэх шалтгаанаар эгүүлэн татах асуудлыг тавиад буй.
Тодруулбал, хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өчигдөр дахин Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ.
Тэдний үндэслэл нь ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй, үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас эгүүлэн татах учиртай. Товчхондоо УИХ-ын гишүүн Б.Наранхүү төрд Дундговь аймгийн сонгогчдыг цаашлаад ард түмнийг төлөөлж чадахгүй байгаа учраас суудлаа тавьж өгөх ёстой гэсэн Үндсэн хуулийн шаардлагыг тавиад буй.
Тэрээр УИХ-ын намрын чуулганд гэхэд ганцхан удаа суусан. Тэр нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр Төрийн ордонд заларсан удаатай. Бусад үед бол ирнээ гэж “гонж”.
Угтаа түүний цаг, мөнгө, хүч хөдөлмөрөө зориулаад байдаг тойрог нь хөгжилгүй, буурай аймгуудын дунд толгой цохиж явна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс саяхан аймгуудын 2017 оны үнэлгээг танилцуулсан. Уг тайланд Дундговь аймаг 21 аймгаас 19-т бичигдэж, дороосоо гуравт эрэмблэгджээ.
Эдийн засгийн нөхцөл байдал, засаглал, бизнес эрхлэх боломж, дэд бүтэц зэрэг үзүүлэлтээр Дундговь аймаг бусад орон нутгаас хол хоцорсныг судалгаа харуулж байна. Тэгэхээр аймагтаа “ажилладаг” эрхэм гишүүний хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү үр ашигтай байж чадаж байгаа эсэхэд олон хүн эргэлзэж сууна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Би энэ хүнийг жил гаруй хугацаанд маш цөөхөн харсан. Сонгууль болохоор утас тараагаад гишүүн болчихдог. Хууль батлах гэхээр ирдэггүй байж болохгүй. Хариуцлага хэрэгтэй. Үнэхээр л мөнгө тарааж гишүүн болчихоод бизнесээ хамгаалах гэж төрд суудаг бол Б.Наранхүү шиг хэрэггүй хүн их хуралд алга. Энэ хүнийг эргүүлэн татах эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй байна” гэж хэвлэлд мэдээллэж байв.
УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болдог хэд хэдэн шалтгаан бий. Нас барсан, өөр ажилд шилжсэн, өвчний улмаас, өөрөө хүсэлт гаргасан, мөн Үндсэн хуулийн цэцийн эргүүлэн татах дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулсан бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгож, эгүүлэн татаж, бас чөлөөлөхөөр заасан байна.
Үндсэн Хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа ньүүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй асуудал болж байна.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ