100 айлын барилгын захыг зоригтойгоор нүүлгэж иргэдээ баярлуулъя!


Байшин барьж, засч, буулгаж, нурааж байгаа хэн бүхэн хотын төвд орших давчуу нарийхан гудамжийг зорьсоор олон жил боллоо. Барилгын материал худалдаалж, олон хүний амь амьжиргаагаа залгуулдаг уг зах нь замын хөдөлгөөний түгжрэлтэй гол хэсгүүдийн нэг. Тэнд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр павильонууд машины зогсоол багатайгаас нарийхан хоёр эгнээтэй замын нэг нь машины зогсоол болчихоор түгжрэл үүсэхээс ч аргагүй.
100 айлын барилгын зах даваа гарагт л амардаг. Энэ өдөр уг замын ачаалал хэд дахин багасч, ямар ч саадгүй зорчдог байна. Мөн тус газарт байрлалтай төрийн байгууллагуудбарилгын захтай хаяа нийлүүлэн оршдог нь асуудлыг улам ч хүндрүүлдэг аж. Тиймээс энэхүү захыг нүүлгэх шаардлага эн тэргүүнд тавигдаж буйг хүн бүр хэлдэг.Хамгийн гол нь иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа 100 айлын барилгын материалын ил задгай худалдааг хотоос яаралтай гаргаж, тус захтай ойролцоо амьдардаг олон мянган оршин суугчийн эрх ашгийг нэн түрүүнд бодолцох ёстой. Хэрвээ тус захыг нүүлгэлээ гэхэд худалдаачид хотын төвд байрлалтай барилгын төвүүдэд лангуу түрээслээд худалдаа наймаагаа эрхлээд явах нь ойлгомжтой.
“100 айл” орчмын томоохон худалдааны төв, дунд зэргийн болон жижиг дэлгүүрүүдэд нийтдээ 1100 гаруй түрээслэгч хувь хүн, байгууллага худалдаа хийдэг. Түүнчлэн нийт 102 жижиг үйлдвэр тус газарт үйл ажиллагаа явуулж байна.
Албаны хүмүүс 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж ирсэн боловч өнөөдрийг хүртэл дорвитой хийсэн ажил байхгүй. 100 айлыг нүүлгэх асуудал яригдах бүрд мэдээжийн хэрэг тэнд суурьшиж, барилгын материалын худалдаа эрхэлж ирсэн иргэд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Магадгүй үүнээс эмээсэн үү барилгын материалын захыг нүүлгэх асуудал хотын захиргааны хэмжээнд яригддаг ч тэгсгээд чимээгүй болдог байв.
Харин энэ жил НИТХ-ын дарга С.Амарсайхан зоригтой шийдвэр гаргаж, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгэх юм.
100 айлд худалдаа эрхэлдэг хүмүүс өвөл утаа битгий хэл урин дулааны улиралд хөрсний бохирдол ямар байгааг ч мэддэггүй. Тиймээс л тус хавийн оршин суугчид зуны ид халуунд өмхий самхай, тоос шороо, замын түгжрэл гээд түмэн бэрхшээлийн дунд амьдарч байгаа учраас 100 айлын барилгын төвийг түргэн нүүлгэхийг шаардсаар буй.
Эрүүл ахуй, орчин нөхцлөө бодсон ч одоо л тус захыг яаралтай нүүлгэн шилжүүлэхгүй бол 100 айлын барилгын төв газрын хөрснөөс арчигдах нь бүү хэл дахин төлөвлөлт хийх боломжгүй болох нөхцөл байдал бий үүсчихээд байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ