"Монголчуудын амьдрал ямар байх нь биднээс шалтгаална"


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.01.25/ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад 300 орчим төлөөлөгчид оролцож, сонирхсон асуултдаа хариулт авч, ярилцав. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Бизнес уулзалт”-ыг цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зочноор Ерөнхий сайд оролцсон юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Өнгөрсөн 2017 оныг Монголын хүн ам 3,2 саяд хүрсэн, малын тоо толгой өссөн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа гээд олон нэмэх үзүүлэлттэй үдлээ. Монголчуудын амьдрал ямар байх нь биднээс шалтгаална. 2016 онд эдийн засаг маш хүнд байсан. Монголын эдийн засагт сэхээнд байсныг 2017 нь энгийн тасагт шилжүүлсэн. Үүний үр дүн 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын өрөө төлж чадлаа. Дэлхийн зах зээл дээр хоёр ч бондыг амжилттай гаргалаа. Дэлхийн банк болон Сангийн яамнаас гаргасан судалгаа 2018 онд Монголын эдийн засгийн өсөлттэй гарна гэсэн тооцоо харуулж байгаа.
Эдийн засгаа сайжруулах, улсаа сэхээнээс гаргаж, ажилд нь оруулах 880 хоног надад байна. Энэ хугацаанд улс орныхоо хөгжил дэвшлийн суурийг тавьж чадна гэж бодож байна. Санхүүгийн сахилга батгүй, хөрөнгө оруулагчдад ээлгүй, итгэлийг нь алдсан, бизнес эрхлэгчдээ дэмждэггүй, том бодлогоо харж чадахгүй байгаа нь бидний том зовлон байсан. Энэ замаас гарахын тулд арга замыг нь хайн олж, шалтгааныг нь засах ёстой. Бид тэр шалтгааныг олсон, хийх аргаа олсон. Одоо бид иргэндээ чиглэсэн л бодлого явуулах ёстой. Хий хоосон зам тавьж, барилга барихгүй. Монгол хүний төлөө л Монголын төр ажиллах ёстой. Монгол Улсын Засгийн газар эрүүл хүнс, эрчим хүч, дэд бүтэц, нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо хангах зэрэг тодорхой ажлуудыг зорилго болгон ажиллаж байна" гэв.
Бизнес эрхлэгчдийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихдээ зөв, ирээдүйд хэрэг болохуйц салбарыг дэмжих шаардлагатайг онцлоод, оёдол, мужаан зэрэг салбарыг хөгжүүлснээр хэдэн ажлын байр бий болж, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг асууж байлаа.
Мөн эдийн засагт богино, урт, дунд хугацаанд өгөөжөө өгөх төслүүддээ хөрөнгө оруулалтаа өгөх нь чухал гэсэн санал хэлж байв. Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын бодлогыг зөөллөх зарим заалтуудыг хэрэгжүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ