"З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан байцаалт, мэдүүлэг авсан"

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар мэдээлэл өгсөн юм.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс нэгдүгээр сард гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгаж ажиллажээ. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба шийдвэрлэлт нь 83.7 хувьтай байна гэлээ. Мөн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зорчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг ирснийг хянан шийдвэрлэжээ.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээг танилцуулбал www.meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10.200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан ба энэ нь явц улсын хэмжээнд 29.2 хувьтай байгаа үзүүлэлт аж.

Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж Батсуурь, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайхан, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын төрийн алба хашиж байсан хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар энэ үеэр мэдээллээ.

Эдгээр хэргуүд нь байгалийн ховор ургамал экслортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэснээс улсад 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэлд холбогдолтой эрүүгийн хэргүүд байгаа юм" гэв.

АТГ-аас өгсөн мэдээллээр УИХ-ын хоёр гишүүнд холбогдох асуудлыг тус газар шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд АТГ түүнээс байцаалт авчээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж, асуудлыг прокурорт шилжүүлсэн байна.

АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалагийн ярьснаар Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярын асуудал дээр нэмж шалгах хэрэг гарч ирсэн тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тэрбээр мөн 'МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга, байцаагч нарт холбогдох хэргийг шалгах явц дуусч байгаа байгаа. Ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ' гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан, бусдад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор байцаалт, мэдүүлэг авсан.

Мөн сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч буй бүх хүнийг дуудаж байцаасан, нялх нойтон хүүхэдтэй гэх мэдээлэл гарсан. Энэ бол нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттайгаар АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн оролдлого мөн. Түрээсийн байрны бүх оршин суугчдыг байцаахгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ