Азийн ардчилсан залуу манлайлагчид Улаанбаатарт чууллаа


Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гээс Ардчиллыг бэхжүүлэх залуу манлайлагчид (LEAD) олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-аас санхүүжүүлж буй тус дөрвөн өдрийн чуулган нь хөтөлбөрт шалгарсан 37 монгол залуу манлайлагчдыг Мьянмар, Бутан, Киргизстан улсын залуу манлайлагчидтай холбож, Монголын ардчилсан шилжилтийн талаарх мэдлэгийг нь тэлж, нөлөөллийн ажил, төслийн удирдлага зэрэг сэдвээр сургалтад оролцуулж, зорилго нэгт залуустай бүс нутгийн сүлжээ үүсгэх зорилготой юм.
БНОУХ-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жессика Кийган, “LEAD Олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатарт хоёр дахь удаагаа зохион байгуулж, түрэн гарч ирж буй манлайлагчдыг илүү олноор нь хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна” гээд “LEAD чуулга уулзалтад оролцохоор тус бүс нутгаас шалгарсан шилдэг манлайлагч залуус үндэстэн хоорондын холбоог бэхжүүлж дараа дараагийн үеийн манлайлагчдад хувийн болоод мэргэжлийн хөгжлийнх нь замыг нээж өгч байна” хэмээн тодотголоо.
Монгол дахь АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер LEAD төслийн ололт амжилтаас дурдахын хажуугаар уг өндөр ач холбогдол бүхий санаачилгаар дамжуулж Монголын залуу манлайлагчдыг үргэлжлүүлэн дэмжихийн чухлыг онцлов.
Үндэсний хувцас бүхий чуулганы хаалтын хүндэтгэлийн зоогийн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар LEAD хөтөлбөрт оролцогч залууст хандан үг хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэл, бие даасан эдийн засагчДеФакто институтын тэргүүн Д.Жаргалсайхан зэрэг хүндэт зочид чуулганд оролцлоо.
АНУ-ын ОУХА-ийн санаачилсан тус хөтөлбөр нь 2016 оны есдүгээр сард нээлтээ хийснээр хоёр жил үргэлжлэх ба гол зорилго нь 25-40 насны манлайлагч залууст нийгэмдээ тогтвортой өөрчлөлтийг бий болгох, манлайлах чадвараа хѳгжүүлэх боломжийг олгож, Зөвлөлтийн дагуул улсаас бие даасан, хөгжингүй ардчилалд шилжсэн Монголын туршлагаас бүс нутагтаа хуваалцахад оршиж байна.
Хөтөлбөрт хамрагдагсад:
- Хотжилт ба ядуурлыг бууруулах,
- Ил тод байдалба Авилгын эсрэг,
- Хүрээлэн буй орчны доройтол гэсэн гурван гол бодлогын сэдэвт төвлөрдөг.
LEAD хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дээрх сэдвүүдийн хүрээнд залуусын өөрсдийн санаачлагаар хэрэгжүүлэхэд суралцах арга барилыг олгож төслийг нь дэмжих бага хэмжээний санхүүжилт олгосноор сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх боломж олгодог. 2016 онд хэрэгжиж эхэлсэн цагаас хойш монгол манлайлагч залуус хөтөлбөрийн хүрээнд 15 төрлийн санаачилгыг хэрэгжүүлээд байна.
LEAD хөтөлбөрийн оролцогч Б.Баясгалан хэлсэн үгэндээ “Хувийн хэвшилд ажилладаг байсан ч тэр, иргэний нийгмийн салбарт ажилладаг байсан ч тэр хүн бүр Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах хариуцлагыг хүлээдэг. LEAD хөтөлбөрөөр дамжуулан бид илүү ардчилсан, нээлттэй нийгмийг цогцлооход тусалж байна” гэсэн юм.
LEAD хөтөлбөр нь ашгийн бус, төрийн бус байгууллагууд болох Воурлд Лернинг, БНОУХ болон Иргэний Боловсролын Тѳвийн тусламжтай хэрэгждэг болно гэж Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ