Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төхөөрөмжүүдийг танилцуулав

Иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох дэвшилтэт техник, технологийг сурталчлан таниулах зорилготой “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглах нь” нээлттэй үзэсгэлэн өнөөдөр боллоо.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Алтансүх "Хүн эд хөрөнгөө алдаж, хохирсныхоо дараа Цагдаагийн байгууллагад хандаж, сандрахаасаа илүү аюулгүй байдлаа урьтаж хангах нь маш чухал. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс Мэдээлэл Технологийн Үндэсний Парктай хамтран өнөөдрийн үзэсгэлэн, худалдааг явуулж байна.

Иргэд маань өөрсдөө өнөөдрийн үзэсгэлэнд оролцож урьдчилан сэргийлэх ямар боломж байгаа, мөн шинэ технологи хэдэн төгрөгийн өртөгтэй байгааг мэдэх боломжтой.

Техник өөрөө байнга өөрчлөгдөн, дэвшиж байдаг. Манай аж ахуйн нэгжүүдийн оруулж ирж байгаа техникийн үзүүлэлт дэлхийн жишигт нийцсэн дүрс, дуу бичлэгийг өндөр чанарын түвшинд хурааж, гар утсанд нь болон цахим хэлбэрээр дохиолол ирж, мэдээлдэг. Иргэд маань өндөр чанарын, сүүлийн үеийн технологийг ашиглах болсонд баяртай байна" гэв.

ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч А.Мөнхсувд "Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд технологийн дэвшлийг ашиглах нь" нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэнд техник технологийн салбартаа тэргүүлэгч 30 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг ЦЕГ-аас урьж оролцуулж байгаа.

2017 онд нийт үйлдэгдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээлэлд судалгаа хийж үзэхэд нийт 32,300 орчим гэмт хэрэг бүртгэгдсэний 40 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байсан. Хулгайн гэмт хэрэг дундаа 63 орчим хувийг нь халаасны хулгай эзэлсэн.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх туйлын ач холбогдолтой болсон. Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ЦЕГ-аас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр "Сэрэмжилье, Нэгдье" нэртэй нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Үүний хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг нь өнөөдрийн нээлттэй үзэсгэлэн худалдаа юм. Үзэсгэлэнд төрөл бүрийн хяналтын камерууд, ухаалаг цаг, бугуйвч зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа.

Аяны хүрээнд цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, нээлттэй хэлэлцүүлэг хийж, мөн иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс гарын авлага, тараах материал бэлдээд байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ