Завхан аймагт -52 хэм хүрч хүйтэрчээ


Завхан аймгийн Онцгой байдлын газраас ард иргэддээ хандан сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна. Тодруулбал, “Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн найман сум цагаан зудтай, зургаан сум цагаан зудархуу нөхцөл байдалтай байгаа. Идэр, Тэс, Завхан, Буянт голуудын сав хөндий нутгуудаар 40-52 хэм хүртэл хүйтэрнэ. Цаашлаад энэ сарын 30-н хүртэл хүйтний эрч чангарч 6-8 градусаар нэмэгдэнэ гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас өгч байна. Мөн байнгын явган цасан шуурга шуурч, манантай байгаа учраас орон нутгийн болон улсын автозамуудаар явахад хүндрэл үүсч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
-50 градусаас дээш хүйтэрсэн тохиолдол цаг агаарын аюулын хэмжээнд хүрч хүйтэрч байна гэж үздэг. Тиймээс малчид, ард иргэд, тээвэрчид холын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, сонор сэрэмжтэй, аюулгүй байдлаа хангаж явахыг хүсье.
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Онцгой байдлын газарт сүүлийн долоо хоног шөнийн 24.00-04.00 цагийн хооронд 1-2 дуудлага ирж ачаалал их байна. Ард иргэд амь нас, эрүүл мэндээ алдаж болзошгүй байна. Манан ихтэй байгаа учир шөнийн цагаар тээврийн хэрэгсэл явахад маш хүндрэлтэй. Ялангуяа Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Завхан голын сав хөндий, Отгон, Цэцэн-Уул гэсэн сумуудад өдрийн 14.00 цаг хүртэл үзэгдэх орчин хязгаарлагдмал байна” гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ