ОУВС-гийн төлөөлөгчидтэй хийх уулзалт үргэлжилж байна

Эдийн засагч Жэфф Готлибээр ахлуулсан, ОУВС-гийн ажлын хэсэг Улаанбаатарт ажиллаж байна. Засгийн газраас тус сантай хамтран хэрэгжүүлж буй, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дах шатны хэрэгжилтийг үнэлж дүгнэх нь ажлын хэсгийн гол зорилго.

Энэ удаагийн уулзалтаар шатахууны онцгой албан татварыг төрлөөс нь хамааран (АИ 80 болон АИ 92) тэглэх, тэтгэврийн насыг зургаан сар тутамд сунгах болон 1.5 сая төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай, уул уурхай, зам, барилга гэх мэт улирлын чанартай ажил эрхэлдэг иргэдэд ногдуулсан, Хувь хүний орлогын албан татварын шатлалыг хүчингүй болгох саналыг манай талаас тавина.

Мөн төрийн албан хаагчдын цалинг индексжүүлэн нэмэх, хүүхдийн мөнгийг одоо нийт хүүхдийн 60 хувьд олгож байгааг 80 хувь болгон нэмэх саналаа ч уламжлах аж. Харин ОУВС төсвийн зардлыг танах зөвлөмжийг байнга өгдөг бөгөөд цалин нэмэх, хавтгайрсан халамжийн бодлого явуулахыг шүүмжилдэг юм.

Хоёр талын уулзалт ирэх сарын 7-нд дуусна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ