Д.Сумъяабазар Давост, Ерөнхийлөгч орон нутагт ажилласан 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Улсын Дээд шүүхийн шийдвэрийг би бичгээр аваагүй байна. Бичиг, баримт ойлгомжгүй байна гэсэн байвал би засаад аваачиж өгнө. Хэрвээ МАХН миний эрхэнд халдсан байх юм бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бадарчин баярлах болоогүй” гэв.

"Зуух тараалаа гээд үр дүн муутай байгаагүй"

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулж ирэхийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хориглохоор боллоо. Иймд боловсруулсан түлшний үйлдвэр байгуулах санаачилгыг Засгийн газар дэмжиж ажиллана. Зуух тараалаа гээд үр дүн муутай байгаагүй. Цаашид зуух оруулж ирэхгүй байхад анхаарна. Зуух яриад байгаа нь нүүдэлчин соёлтой холбоотой. Иргэд гэртээ галаа түлээд, галын дөл харж суух сонирхолтой. Тиймээс бүх айлыг зуухгүй болгоно гэвэл эрт байна” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам Улсад айлчлав

БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын тус улсад хийж буй айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

Б.Наранхүүг эгүүлэн татах хүсэлтийг дахин гаргав

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Тэгвэл энэ асуудал шийдэгдэхгүй удааширч байгаатай холбогдуулан хуульч Д.Миеэгомбо Үндсэн хуулийн цэцэд хүсэлт тавьжээ. Тэдний үндэслэл нь ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй, үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас эгүүлэн татах учиртай. Товчхондоо УИХ-ын гишүүн Б.Наранхүү төрд Дундговь аймгийн сонгогчдыг цаашлаад ард түмнийг төлөөлж чадахгүй байгаа учраас суудлаа тавьж өгөх ёстой гэсэн Үндсэн хуулийн шаардлагыг тавиад буй.

Оюу толгой төслийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд "Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтайхэрэгжүүлэх шаардлагатай.

Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго. Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна” гэлээ.

АИ-92, А-80 бензиний онцгой албан татварыг цуцлав

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шатахууны үнийн асуудлыг хэлэлцээд АИ-92, А-80 бензинийг онцгой албан татвараас чөлөөлөхөөр болсон байна. Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа.

"Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг дэмжинэ"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа өчигдөр /2018.01.24/ Хэнтий аймгийн Чингис хотоос эхлүүллээ. Тэрээр “Би хөдөө, орон нутгийн амьдралын талаар мэднэ. Орон нутгийн иргэдээс нэг юм сонсчихоод “өө тэгдэг юм уу” гээд байх зүйл надад байхгүй. Тиймээс яригдаж байгаа бүх асуудлыг шийдэхийн тулд энэ уулзалтуудыг хийж байгаа. Тэтгэврийн нас, ажилгүйдэл гээд. Жишээ нь, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоод өгөөч гэж бүх хөгшид хэлж байна. Энэ асуудлыг дэмжихээс өөр аргагүй. Улаанбаатарт очоод энэ асуудлыг ярьж, хэлнэ” гэлээ.

Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай хэлэлцээ хийнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалтад оролцлоо. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзан хэлэлцээр хийхээр тохиролцлоо. Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргах, Монгол Улсад геологи хайгуулын ажлыг хамтарч явуулах талаар санал нэгдэв.

Нийгэмд

Багш нар цалингаа нэмүүлэхээр ОУВС-ийн үүдэнд жагсав

Багш нар цалингаа нэмүүлэх асуудлаар өнөөдөр /2018.01.26/ Олон улсын валютын сангийн байрны үүдэнд жагслаа. Жагсаалд оролцогчид “Бид Олон улсын валютын санд шаардах бичиг хүргүүлж байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш жагсаж, цалин нэмэх

шаардлага тавьж байхад Засгийн газар ОУВС-тай хатуу гэрээ байгуулсан” гэдэг ганцхан хариултыг өгсөөр ирсэн' гэв.

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна.

Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгов.

Дэлхийд

Цаазлуулсан гэх бүсгүй Өмнөд Солонгост иржээ

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд БНАСАУ-ын төлөөлөгчид Өмнөд Солонгосын Каннын хотод анх удаа ирлээ. Тэд олимпийн наадмын үеэр Умард Солонгосын жүжигчдийн тоглох газруудыг үзэж байгаа аж. Төлөөлөгчид долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэрт дуучин бүсгүй Хен Сон Воль бүрэлдэхүүнд нь оржээ. Тэрээр “Samjiyon” найрал хөгжим, “Moranbong” хамтлагийг удирддаг бөгөөд түүнийг цаазлуулсан гэж Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд эндүү мэдээлж байсанюм. Үүнээс гадна, Хен Соль Волийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай учиртай байсан гэх.

Ким Чен Ун улс үндэстнээ эв нэгдэлтэй байхыг уриалав

Умард Солонгосын эсрэг цөмийн дайн дэгдээхээр зэхэж байгаа АНУ-ын өдөөн хатгалгын нөхцөлд эв нэгдэлтэй байхыг БНАСАУ-ын удирдагч улс үндэстэндээ уриалав.

“Манай эх орон нэгт бүх хүн бамбай, давагдашгүй цайз болох ёстой” гэж Ким Чен Ун мэдэгджээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ