10 саяын үнэтэй шүлгээр "Онгон шар тал" тодров


Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит “Эх орон яруу найраг” наадам “Corporate hotel and Convention center”-д амжилттай болж өндөрлөлөө. #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/39988">Тус наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш хүртэж, 10 сая төгрөгөөр шагнуулсан байна. Харин дэд байрыг МЗЭ-ийн гишүүн Х.Алагаа хүртэж, таван сая төгрөгөөр шагнуулсан бол гуравдугаар байрт А.Лхагва орж таван сая төгрөгт ном хэвлүүлэх эрхээр шагнууллаа. Энэ наадамд 200 гаруй найрагч өрсөлдөж, хоёрдугаар шатанд 21 найрагч бүтээлээрээ өрсөлдсөнөөс шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан байна.
Тэргүүн байрын шүлэг:
ОНГОН ШАР ТАЛ
Онгон шар тал руу
Ононы салхи үлээхэд
Олон адуу сүүлнээсээ эхэлж
Орчлонгийн зах руу хийснэ
Баригдаж үзээгүй эмнэг морьд хүртэл
Баримал шиг гуниглан зогсоод
Эрдэнийн толгой гудайлган
Эртний хүмүүсийг хүлээнэ
Зөөлөн салхитай онгон шар талд
Зөөсөн хөлөө зөв гишгэх
Хар дэлтэй тогорууд харсаар байтал
Хайрын тухай бичмээр цэнхэр бэх болж
Харанхуйтай тэнгэрийг булаацалдан
Халиад ниссэнээ эргэж ирэн
Зүг чигээ алдмаар их талын дунд бууж
Зүрхээрээ өндгөө хучна
Ононы салхи сэвэлзэх
Онгон шар талд
Алсын алсыг ширтэх тэмээд
Асгарч эхлэнэ
Усан будаг урсах шиг
Улаан ноос нь хийсч
Тосон будаг шиг нүднээс нь
Торго шиг нулимс бөмбөрөн
Бөглүү талын тэмээдийг салхи
Бөхнөөс нь эхэлж зорно
Онгон шар талд төрсөн хүн
Ододтой ойрхон өсч, орчлонгоос хол амьдарна
Хуур үүрсэн балчир хүү
Худам бичиг шиг харагдан
Алтан Дарь Овооныхоо наагуур
Аргусан хуурч шиг өнгөрнө
Сэвлэг нь хийсэх хүүг
Сэтэртэй Ононы салхи
Сэтгэлээс нь эхэлж сийлнэ
Монголын их шар талд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ