У.Хүрэлсүх "100 хоногт" юу хийсэн бэ?

“Ардын засаг” гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 20нд эцэслэн бүрдэж, ажлаа эхэлснээс хойш 100 хоног өнгөрлөө.Энэ зуун хоногт шинэ засаг юу хийж, ямар том бодлого зарлав гээд У.Хүрэлсүхийн 100 хоногийн тайлан сонирхол татаж байна. Ийнхүү Засгийн газар ард иргэдийнхээ төлөө ямар ажил хийснийг эргэн санацгаая.

Төв цэвэрлэх байгууламж

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Төв цэвэрлэх байгуулжийн асуудлыг шийднэ”гэж мэдэгдсэн. Олон жил нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлсэн хүнд асуудлыг шийднэ гэж эрс шийдэмгий дуугарсан нь иргэдийн талархлыг хүлээгээд буй. Тэрээр 2017 онд багтаан олон улсын тендерийг дахин зарлах, 2018 оны хаварт багтаан бүтээн байгуулалтыг эхлүүлэх, 2020 оны сонгуулиас өмнө ашиглалтад оруулахыг даалгасан. Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг урагшлуулж чадаагүй компаниудаас татгалзаж Мянганы сорилтын сантай хамтарч ажиллана гэдгээ тэрбээр мэдэгдээд байгаа билээ.

Оффшороос хөрөнгө татах хугацаа тодорхой болов

Төрийн албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг оффшор бүсэд хөрөнгөтэй байхыг хориглосон хуультай. Уг хуулийн хэрэгжилтэд Ерөнхий сайд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Оффшорт хөрөнгөтэй төрийн албан хаагчид АТГ-ын хяналтад орж хөрөнгөө татах ажлаа эхлүүлээд байна.Энэ ажлын хүрэээнд 450 сая ам,доллар оффшор бүсээс Монгол руу орж ирээд байгаа билээ

“Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авав

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед49 хувь нь хувийн компанид очсон “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргаад байна. Харин 49 хувийн эзэд Засгийн газрыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж арбитрын шүүх болон Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм. Тэд Засгийн газрыг 100 хоногтоо хийсэн ажилтай харагдах гэж ийм шийдвэр гаргасан гэж буй.

Нефтийн үйлдвэртэй болно

Энэтхэгийн Засгийн газрын тэрбум долларын зээлээр Монгол Улс 2018 онд газрын тосны үйлдвэртэй болох талаар мэдээлсэн. Жилд 1.5 тонн нефть боловсруулж, үүнээсээ 560 мянган тонн бензин, 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель, 107 мянган тонн шингэрүүлсэн хий нэрэх үйлдвэртэй болно гэж буй.

Үүнээс гадна ипотекийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, дахин төлөвлөлт инженерийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр БНХАУ-ын Засгийн газар зээл олгосон. Энэ онд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг үлэмж нэмэгдүүлнэ гэж буй. Мөн Алтанбулаг-Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргааад байгаа юм.

Татварын нэмэгдэл

У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оныг долоон төрлийн татварын нэмэгдлээр эхлүүлсэн. Үүнээс хамгийн их шүүмжлэл дагуулж буй нь хүн амын орлогын албан татвар. Гэхдээ уг татварын нэмэгдлийн талаар ОУВС-тай дахин ярилцана гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Учир нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахдаа хүлээсэн үүргийнхээ хүрээнд татвар нэмсэн гэв.

Мөн тэтгэврийн насыг нэмсэн нь ч маргаан шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй нь олон нийтийн реакциас харагдана. Гэхдээ сайн мэдээ бас бий. “Цалинтай ээж” хөтөлбөр, алдар цолтой ахмадуудад нэмэгдэл өгөх, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

2017 он бол У.Хүрэлсүхийн он цаг байсан. Тэр улс төрөөс хүссэн суудал болгоноо авсан, харин нийгэм, эдийн засагт хүлээгдсэн бодлогыг хийж, хэрэгжүүлж чадах эсэх нь энэ онд харагдана.

Монголын эдийн засагт олон жил хүлээлт дагуулсан төмөр зам, эрчим хүчний төслүүд, эдийн засгийн зүтгүүр болох хөтөлбөрүүд, дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлт гээд улс төр, эдийн засаг, нийгмийг бүхэлд нь өөрчлөх реформ нь зөвхөн У.Хүрэлсүхийн бодлогоос хамаарна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ