"Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн"

Засгийн газар 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Энэ удаагийн хуралд Ерөнхий сайд У.Хүргэлсүхээс гадна танхимынх нь сайд нар оролцлоо. Харин Шадар сайд Ө.Энхтүвшин баруун аймгуудад ажиллаж байгаа тул оролцож чадсангүй.

-Газрын тос боловсруулах үйлдвэр дээр хоёр хөршийн ашиг сонирхол нийцэж байгаа юу. “Эрдэнэт” үйлдвэр дээр гаргасан Засгийн газрын шийдвэр хууль зөрчөөгүй юу. Ажлын байргүйгээс монголчууд олноороо БНСУ-д ажилладаг боллоо. Бодлого байна уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Манай гэр бүлд гурван хүн БНСУ-д ажиллаж байна. 2012 онд ирсэн ч буцаад явсан. Түр зуурын үзэгдэл. Эх орондоо ирсэн байсан иргэдийн 40 хувь нь буцаад явсан байгаа. Цалин багатай, эдийн засаг хямралтай учраас амьдрал ахуйгаа залгуулахын тулд гадагшаа явж байгаа. Том төслүүдээ явуулах ёстой. Тэгвэл гадаадад гарсан монголчууд ирнэ.

Сая би БНСУ-д айлчлахдаа визний асуудал тавьсан. Нийтдээ 114 мянган монгол хүн гадаадад ажиллаж, суралцаж байна. Тэднээс 46 мянган нь БНСУ-д ажиллаж, амьдардаг. Гэрээт ажилчин нь 6233 байгаа юм.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд гадаад оронд ажиллаж, гэр бүлдээ мөнгө төгрөг явуулж, ар гэрээ тэтгэж байгаа хүмүүстээ баярлалаа гэдгээс өөр юу хэлэх билээ. Гэхдээ Монгол Улс хөгжинө. 10, 20 жилийн дараа хараарай.

Хөгжихийн төлөө бодлоготой, сахилга баттай ажиллах ёстой. Хэн нэг орны хүн ирээд Засаг дарга, Ерөнхий сайд хийхгүй. Зовлонгоо, жаргалаа ч хамтдаа хуваалцах ард түмэн бол 3.2 сая иргэн.

“Эрдэнэт”-ийн асуудлыг хуулийн дагуу шийдсэн. Заргалдах уу, яах вэ гэдэг нь нөгөө талын асуудал. Засгийн газар, УИХ хувийн өмчийг нийгэмчиллээ булааж авлаа гэсэн зүйл ярьдаг. Ард түмний өмчийг хууль бусаар хувь хүмүүс авч болохгүй биз дээ. Тийм учраас Засгийн газар гаргах ёстой шийдвэрээ гаргасан.

Улсын дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад Засгийн газар ийм шийдвэр гаргалаа гэж байгаа, үгүй шүү.

Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлсэн. Цэр нь цээжиндээ байх ёстой. Эмхлэх ёстой юмаа эмлэх. Бүх юмны өмнө өвдөг сөхөрч явдаг төр байх ёсгүй. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, дуугарах ёстой үедээ хэлэх ёстой үгээ гаргах ёстой. Монголын төр хүчирхэг байх ёстой. Ингэж байж улс шиг улс, төр шиг төр байна.

-Татварын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Олон улсын валютын сангийн төлөөлөгчтэй хэлэлцээ хийж байна, Засгийн газар?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Хүн амын дунд бухимдал үүсгэж байсан Хүн амын орлогын албан татвар дээр ярилцаад, хуучин хэлбэр рүү нь оруулсан. Тэтгэврийн насыг эргээд хуучнаа сонгох уу, шинэ хувилбараа сонгох уу гэдэг ахмадуудын өөрсдийнх нь сонголт болгохоор шийдлээ.

-Ц.Нямдорж сайд 300 гаруй сая төгрөгийн үнэтэй жип машин унаж байна. Цаана нь хэд, хэдэн сайд үнэтэй машин унаж байна гэх. Үргүй зардлыг бууруулна гэдэг амлалттай тань хэр нийцэж байна вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:

-Яагаад ганцхан Ц.Нямдорж сайдын унааны асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Өмнөх Засгийн газрын үед сайд, дэд сайд нар бүгд том, том жип унаж, үргүй зардал гаргадаг нь ихэссэн байсныг манай Засгийн газар харин ч цэгцэлж байна.

3.8 тэрбумаар авто машины парк шинэчлэл, 10.5 тэрбумаар барилгын засвар, шинэ тавилга авахаар байсныг цуцалсан. Мөн 20 тэрбумаар удирдлагын цалинг бууруулж, хэмнэлт гаргасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг орон нутагт ажилладаг сайд нарт туулах чадвар сайтай машинаар хангах шаардлага байгаа.

АСЕМ-аар хэрэглэж байсан үнэтэй машин. Борлогддоггүй авто машиныг шилжүүлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна билээ.

Ц.Нямдорж сайд өөрөө шийдчих байх. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ