Тэд тансаг хэрэглээнээс татгалзаж чаддаг уу?

Хотын гудамжаар дүүрэн том оврын жип хөндөлддөг манай улсын эдийн засаг элгээрээ хэвтчихээгүй бололтой. Гэхдээ тэд чинь ихэнх нь лизингийн машин хөлөглөсөн эрхмүүд байдаг гэх. Компанийн цалингаа тавьж чадахгүй байгаа мөртөө 100 гаруй саяын лизингээр авсан машиныхаа төлбөрийг сар бүр алдахгүй төлөхийг хичээж яваа захирлууд ч байх.

Өөрөөр хэлбэл, тансаг хэрэглээнээсээ болж банкны боол болсон компанийн захирлууд л тэр хөндөлдөөд байгаа том жипнүүдийн эзэд байдаг гэх. Нэг нэгнээсээ дутахгүй гэсэн хор шар, тансаглал өнөөдөр олон ч хүнийг банкны өрөнд оруулж, лизингийн “боол” болгож байна даа. Сарын бүх цалингаа машины лизингдээ өгөөд л цаана нь амьдралаа залгуулаад яваад байгаа миний таних олон хүн бий.

Гэхдээ тэд жижиг машинтай, машинаараа орой үдэш халтуур хийдэг хүмүүс. Харин том жип зээлдээд авчихсан, түүндээ бүх цалингаа өгдөг хүмүүс цаана нь амьдрах мөнгөө яаж болгодгийг чөтгөр бүү мэд.

Өртэй хүн өвдөх, үхэх ч эрхгүй. Өвдвөл ажлаа хийж чадахгүй, цалин авахгүй, зээлээр авсан том жипээ банкинд хураалгана. Үхвэл үр хүүхдэд нь үлдсэн ч юмгүй банк ирээд л зээлийн барьцаанд байгаа эд зүйлсийг бүгдийг нь хураагаад авчихна.

Гэхдээ энэ бол нэг хэрэг. Бизнес хийгээд, ажил хийгээд тухайн хүн хувьдаа зээлээр машин авна уу, байр авна уу өөрийнх нь асуудал. Харин ард түмний мөнгөөр тансаглан, гадаад дотоод хэсч, хүний өмсөөгүйг өмсч, идээгүйг идэж, эдлээгүйг эдэлж, эхнэр хүүхэд, нууц амрагаа гадаад, дотоодын өндөр төлбөртэй сургуульд сургаж, бүлтийтэл гоёж яваа төсөв захиран зарцуулах эрхтэй төрийн албан хаагч, төр засгийн өндөр эрх мэдэлтнүүд тансаг хэрэглээнээсээ татгалзах болсон баймаар.

Саяхан гэхэд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн 350 сая төгрөгийн машины асуудал иргэдийн бухимдлыг төрүүлээд авсан. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна билээ. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө ажиллана" гэв.

Үнэхээр ингээд асуудлыг дор бүрнээ, хурдан шуурхай шийдээд ажилладаг бол ард түмэн сайн дүнгээ л тавина.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ