"Бид элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхийг зорьж байна"

Хавдар Судлалын Үндэсний Төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг энэ сарын 28-ны ням гарагт амжилттай хийсэн билээ. Энэхүү баяртай мэдээг хуваалцахаар ХСҮТ, НЗДТГ, “Элэг нэгт Монголчууд сан” хамтран мэдээлэл хийлээ.

Өвчтөн 42 настай бөгөөд нагац дүү нь түүнд өөрийн элэгний талыг “бэлэглэж” амьдрал хайрласан байна. Одоогоор донорын биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжжээ. Харин өвчтөний хувьд биеийн байдал нь тогтвортой, хэвийн, хагалгааны дараах эмчилгээндээ хамрагдаж байгаа аж.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилсэн. Хагалгааны явцад цус гараагүй, цус сэлбэх шаардлага гараагүй. Хагалгааны дараах үе жигд явж байна. Бүрэн эдгэрээд гартал эмч бид тайвширдаггүй. Эмнэлгийн үүдээр гарахад л эдгэрлээ гэж ярьдаг.

Бидний гол зорьж байгаа зүйл элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэх. Элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхэд энэхүү хагалгаа том алхам боллоо. Хагалгааны техник, процессын хувьд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хийгдэж байгаагаас ялгаагүй. УНТЭ-ийн хувьд 40 гаруй хагалгаа амжилттай хийсэн, туршлагатай.

Энэ жил манай төсөвт 650 сая төгрөг буюу 7 хагалгааны мөнгө Засгийн газраас тавьж өгсөн. Элэг нэгт Монголчууд хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хийгдэж байгаа. Бид 2018 ондоо 7 хагалгаа, цаашид жилдээ 20 орчим хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бид элэгний хатуурал дээр хавдартай хүнийг сонгож хагалгаагаа хийж байгаа.

Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээрээ байна. Эрт илрүүлэх тусам өвчлөлийн тоо нэмэгдэнэ. Гэхдээ өвчлөлийн тоо гэхээсээ илүү бид нас баралтаа бууруулахаар зорьж ажилладаг” гэлээ.

ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар “Өвчтөн маань элэгний хортой хавдартай, мөн хатууралтай өвчтэй байсан. Энэ хагалгаагаар элэгний хавдар, хатуурлын асуудал бүрэн төгс шийдэгдсэн байгаа. Олон жилийн хугацаанд бид энэхүү хагалгаанд эрчимтэй бэлдэж ирсэн. Хагалгааны дараах хоёр дахь өдөр болж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Хамгийн чухал нь хагалгааны дараах үе байдаг.

Гадаадад энэ төрлийн хагалгаа хамгийн багадаа Энэтхэгт 40 мянган ам.доллар, өндөр хөгжилтэй орнуудад 100 мянган ам.доллараас дээш үнэтэй байдаг. Бид өвчтөнүүддээ энэ хагалгааг үнэ төлбөргүй хийж байна. ХСҮТ дээр энэ хагалгааг хийснээр Монголын улсын хоёр эмнэлэгт элэг шилжүүлэх хагалгаа хийх боломжтой болсон нь маш том алхам юм” гэв.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны үеэр БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс мэс заслын эмч, унтуулах эмч, сувилагч, менежер зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй ХСҮТ-д ирж зөвлөх байдлаар оролцжээ.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд Самсунг Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж эмч нараа сургаж эхэлсэн байна. Үүнээс хойш БНСУ-аас гадна Энэтхэг, Франц, Австри, АНУ, Япон, Тайвань, ОХУ, Казахстан орнуудад эмч нараа сургасан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ