Жагсахад "жанцан" бий

Эдүгээ Монголын парламентад Ардчилсан нам сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй. Эрх баригчдын бодлогын алдааг хэлэх, хянах, илчлэх, цаашлаад засаж залруулах үүрэгтэй. Сонгогчдын тодорхой хувиас мандат авч, парламентад сонгогдсоны хувьд тэдний өмнө энэхүү хяналтын үүргийг давхар хүлээсэн юм.

Тэр ч утгаараа тэд жагсаал цуглаан зохион байгуулах, олон нийтийн санаа бодлыг төлөөлөх эрхтэй. Гэхдээ тэд ард түмнээс ялгаатай нь бодлогын шийдэлд оролцогч субъект учраас дэвшүүлж буй асуудал нь дугаар хорооны иргэний сэтгэгдлээс ялгаатай байх учиртай.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлыг дүгнэж үзээд үнэндээ л сэтгэл гонсойж буйгаа өчигдрийн мэдээллийн үеэрээ илэрхийлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Засгийн газрын 100 хоногоор хийгдсэн гэсэн ажлын 70 орчим хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийгдсэн ажлууд байна. Жишээ нь С.Зориг агсны аллагатай холбоотой ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлынхаа тоонд оруулсан байна. Энэ нь буруу. 2016 оны МАН-ын сонгуулийн амлалт дээр өрийг өрөөр дарахгүй гэж байгаа. Гэтэл эрх баригчид энэ амлалтаа хэрэгжүүлэхгүй байна. ОУВС-ийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ улс оронд, иргэдэд хэрэгтэй ямар зүйл байгааг тайлбарлаж чадахгүй байна.

Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүргэхийн тулд хариуцлагатай байна” гэв.

Ерөнхийдөө бол МАН-ын Засгийн газар болон эрх баригчид өрийг өрөөр дарж байгааг, сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгааг Ардчилсан нам буруутгаж байна. Мөн мөнхийн сэдэв гэж хэлж болох эдийн засгийн өсөлт иргэдэд хүрч очихгүй байгааг тэд шүүмжлэв.

Чухамдаа бол өнөөдөр бухимдаад байгаа өр ийм байдлаар нэмэгдсэнийг Ардчилсан намын бодлогыг барьж байсан нөхөд мэднэ. Тийм л учраас өнөөдөр Ардчилсан намынхан өр яриад, өрийг өрөөр дарлаа гэж гайхах нь нийгмийн олонход таалагдах ч, учир шалтгааныг ойлгохуйц тодорхой хэсэгт бол нэг л үнэмшилгүй сонсогдож байгаа аж.

Мөн өнөөгийн сөрөг хүчин эрх барьж байсан тэр жилүүдэд хэдийгээр өр, зээлтэй боловч орлогын санхүүжилт, эх үүсвэр хүртээмжтэй, хангалттай байсан боловч бас л эдийн засагт ажлын байр, бүтээмж, хөрөнгө оруулалт, хуримтлал болж тогтоогүйг эдийн засгийн шинжээч, судлаачид хэлдэг.

Иргэд уг нь эрх баригчид, бодлого тодорхойлогчдоосоо ганц зүйлийг л хүссээр ирсэн. Эх орон, иргэдийнхээ төлөө л ажиллахыг. Гэтэл одоо хэн нь ч төрд байгаад хэрэг алга, аль ч нам нь нэг, нэгнээсээ ялгагдах юмгүй болчихсон атлаа сонгуулиар зүгээр л байраа сольж суугаад ээлж өнгөрөөдөг болсныг л иргэд харж байна. Эрх баригчдад нь ч, сөрөг хүчинд нь ч итгэх эцсийн найдвар бараг л тасарч байна.

Угтаа бол эрх баригчдад шүүмжлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ таамгаар бус бодитой, бодлоготой ажил хэрэгч шүүмжлэл хэрэгтэй. Шүүмжлэл байгаа онож байх тусмаа л ард түмэнд хэрэгтэй юм шүү дээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ