"Нэртэйгээр нь монгол төрийн тамгыг ОУВС-нд шилжүүлээд өг"

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ард түмний амьдрал маш хүнд байна. Бухимдлыг ашиглаад улстөрчид эрх мэдэл рүү улайрч байна. Ардчилсан намынхан увайгүй байна. МАХН-тай хамтарч жагсаал хийнэ ч гэх шиг. МАХН жагсаалд оролцохгүй шүү.

МАН, Ардчилсан нам нийлж нийгмийг ийм болгосон. С.Эрдэнэ та сайд ч хийсэн, гишүүн ч хийсэн. Ардчилсан намынхан архи, тамхины татвар нэмснийг эсэргүүцээд байгаа.Гэтэл Засгийн газар өнөөдрийн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, тэтгэврийн насыг бууруулах асуудлыг оруулж иржээ. Бусад татварыг нэгмөсөн шийдэж болдоггүй юм уу.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өнөөдөр шийдвэр гаргачихаад маргааш нь буцаадаг тогтворгүй бодлоготой төр удаан явахгүй. Татваруудаа нэг мөсөн ярихгүй юм уу.

Олон улсын валютын сан гэдэг хадны мангаа урдаа барьчихаад тэднийх ингэж шаардсан гээд яваад байх юм. Нэртэйгээр нь монгол төрийн тамгыг Олон улсын валютын санд шилжүүлээд өг. Ардчилсан нам ард түмний дуу хоолой хүсэл шаардлагын дагуу жагсаал зохион байгуулж байгаа.

О.Баасанхүү чи энд тэнд очиж, улс төрийн намтай наймаа панз хийдгээ боль. Хэнтэй асуудал ярихаа таниар заалгахгүй. Микрофон ашиглаад хүн доромжилж байдгаа боль. МАХН-ыг эрх баригч намтай нийлж өөрөө л бужигнуулсан юм билээ ш дээ. Дотоод хэрүүлээ чуулганд нялах хэрэггүй. Улсын дээд шүүхээр явж өөрөө учраа ол.

Шатахууны хомсдол ариллаа, түгээлт хэвийн болчихлоо гээд зарлаад байгаа. Гэтэл шатахуун түгээх станцуудын зарим нь ажиллахгүй, ажиллаж байгаа дээр нь дараалал үүссэн байна. Шатахууны асуудлыг шийдэж чадахгүйгээс бараа бүтээгдэхүүний үнэ талийж өглөө. Нийгмийн бухимдлыг хэн шийдэх юм бэ. Энэн дээр эрх баригчид ажиллахгүй юм уу. Хэдий хүртэл хүлээх юм бэ. Ардчилсан нам бусад улс төрийн нам болон төрийн бус байгууллагатай хамтарч эсэргүүцлийн жагсаал эхлүүлнэ.Ардчилсан нам өнөөдрийн чуулганд оролцох боломжгүй.

УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ