"Эрдэнэт" үйлдвэрт ирээдүй байна уу?


“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авснаар Монголчууд баялгаа өөрсдөө зарцуулах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээ бий болгох боломж бүрдлээ гэж баярлаж байсан цаг саяхан. Гэтэл энэ зуур 51 хувьтай холбоотой асуудал арбитрын шүүхээр шийдэгдэж, монголчууд ялагдал хүлээсэн тухай таагүй мэдээлэл цацагдаж эхлэв.
Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүү барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан хэргийг Олон улсын арбитрын шүүх хэлэлцээд “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг худлаа.Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн юм билээ. Тэгээд олигтой юм болоогүй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь алданги,торгууль, хүү гэсэн юм бий. “Эрдэнэт” үйлдвэр“Стандарт” банкныхантай ярих бололцоотой. Нууц юм байхгүй. Ардчилсан намынхан л улстөржүүлээд яриад байгаа асуудал” гэв.
Харин нөгөө талд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл “Олон Улсын Арбитрын шүүх дээр энэ асуудал удаа дараа яригдаж, “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан явдлаар манайд төлбөр тавигдах эрсдэл үүссэн нь үнэн. Гэхдээ Засгийн газраас нэхээд байх зүйл биш. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлого, зарлагадаа ороод явах учиртай. Үйлдвэр 2016 оны орлогоосоо “Эрсдэлийн сан” байгуулсан байдаг. Тиймээс Засгийн газар дээр ачаалал ирээд, өрийг нийт татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх эрсдэл үүсэхгүй” гэсэн тайлбарыг өглөө.
Тэдний хувьд энэ асуудлыг хэрхэх талаар Засгийн газартай ярилцах аж. Харин үндсэн өрийн түвшинтэй нийцүүлэн 50 сая ам.долларыг байршуулж байж давж заалдах эрхтэй болох гэнэ.
Өнгөрсөн үйл ядвлыг эргэн сануулахад, “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХК-иар баталгаа гаргуулсан явдал одоогоос гурван жилийн өмнө дуулиан дэгдээж байв. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан гарын үсэг зурсан байдаг.
Улмаар “Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан өрөө төлөх эдийн засгийн чадамжгүй болсноор зээлийн баталгаанд тавигдсан “Эрдэнэт” үйлдвэр тус өрийг төлөх эрсдэл хүлээж буй юм.
Ямартай ч одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Гэхдээ өчигдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг нууцлалтай хэлэлцсэн гэх мэдээлэл хөвөрч байгаа юм. Тэгэхээр эл асуудал нь “Эрдэнэт” үйлдвэр болон “Стандарт” банк хоёрын хооронд үүссэн асуудал уу, эсвэл..
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ