У.Хүрэлсүхийн 100 хоногийг сөрж жагссан долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнав
Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамт 100 хоногийн ажлын үр дүнгийнхээ талаар тайлагналаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "2017 онд эдийн засгийн 4 хувийн бодит өсөлт гарлаа. Өвөг дээдсийнхээ байгуулсан эртний түүхт улсынхаа хувь заяаг бид дампуурлаар шийдэж болохгүй. Тийм учраас ОУВС-тай хамтран ажиллах сонголт хийсэн. 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон байна. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн.
2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500сая ам.долларыг төллөө. Зүйрлэж хэлбэл сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ. 2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй” гэв.
"У.Хүрэлсүх нүүрс, зэсийн наймааг гартаа авахын тулд сайд болсон"
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг АН-ын зүгээс дүгнэж мэдээлэл хийсэн. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "2016 оны ээлжит сонгуулиарМАН засгийн эрх аваад өнөөдөр нэг жил долоон сар орчим хугацаа өнгөрч байна. Үүнээс хойш ядуурал гурван пункт, ажилгүйдэл таван пункт болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл МАН засаг авснаасаа хойш ажлын байр нэгийг ч шинээр нэмж бий болгоогүй юм. Энэ хугацаанд олон хувийн жижиг бизнес дампуурчээ.
Мөн хүүхдийн мөнгийг эрх тэгш олгосонгүй, бусад асуудлыг ч шийдсэнгүй. Дээрээс нь тухайн үед Ерөнхий сайд болохдоо 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотой асуудалд улс төрийн хариуцлага зайлшгүй тооцох ёстой гэж ярьж байсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцлага тооцсонгүй. Энэ бүгдээс дүгнэвэл энэ хүн зөвхөн нүүрс, зэсийн наймааг гартаа авахын тулд хуучин Засгийн газраа огцруулж сайд болжээ” гэв.
Татварын нэмэгдлийг хүчингүй болгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2018.01.30/ өдөр болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Сөрөг хүчин сөрж жагсав
Улс төрийн хүрээнд өнгөрөгч долоо хоногт өрнөсөн содон үйл явдлуудын нэг нь Ардчилсан намын улс орон даяар зохион байгуулсан тайван жагсаал байв. Төв талбайд зохион байгуулсан бүх нийтийн жагсаалд 60-70 мянга орчим иргэн оролцжээ.
Үүнтэй холбоотойгоор жагсаал болохын өмнөх өдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Нийгэмд буруу ойлголт өгөх олон ажлыг эрх баригчдын зүгээс эрчимтэй явуулж байна. Засгийн газрын 100 хоногоор хийгдсэн гэсэн ажлын 70 орчим хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийгдсэн ажлууд байна.
Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Хэрвээ шаардлага хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэлээ.
О.Магнайг шүүхэд өгчээ
Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай Засгийн газрын 100 хоног сэдвээр даваа гаригт /2018.01.29/ хэвлэлийн хурал хийсэн. Энэ үед тэрбээр Засгийн газрын бүх гишүүд “Lexus” маркийн авто машин худалдаж авах захиалга хийсэн гэж мэдэгдсэн юм.
Харин энэ мэдээлэл үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. О.Магнайгийн тараасан мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газрын зүгээс түүнийгшүүхэд өгч байгаа аж.
“Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг нь худлаа гэв
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүү барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан хэргийг Олон улсын арбитрын шүүх хэлэлцээд “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргасан талаар мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Хууль, зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэдэг 2013, 2014 оны үед эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр хэрэг нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.
Олон улсын арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг худлаа. Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн юм билээ. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. “Эрдэнэт” үйлдвэр“Стандарт” банкныхантай ярих бололцоотой. Нууц юм байхгүй” гэв.
Нийгэмд
"ОХУ-аас орж ирсэн хар чавганаас хортон шавж илэрсэн" гэв
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас /НМХГ/ сар шинийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн дарга Л.Цэнд-Аюуш"Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 24 дээжийг ургамлын эрүүл ахуй, хүнсний хими, нян, хор судлалын шинжилгээнд тус тус хамрууллаа. Үүнээс 23 дээж нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага
хангасан, нэг дээжид хорио цээртэй хортон шавж илэрсэн байгаа. Энэ хорио цээртэй хортон шавж илэрсэн дээж нь хүмүүсийн цагаан сараар өргөн хэрэглэдэг ОХУ-аас орж ирсэн хар чавганаас илэрсэн байгаа. Тус хар чавгыг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, зориулалтын устгалын цэгт устгалаа” гэлээ.
"МАН-ын удирдлагууд уулзахгүй бол арвуулаа нүцгэн жагсана" гэв
“Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Монголын худалдаачдын холбоо”-ны таван ээж өчигдөр МАН-ын байрны үүдэнд нүцгэн жагсаал хийсэн.
Тэд эрх барьж байгаа МАН-ын удирдлагуудад уулзах хүсэлт тавьсны зэрэгцээ хэд, хэдэн шаардлага тавиад буй. МАН-ын зүгээс маргааш уулзалт хийх боломжтой гэсэн байна. Хэрэв товлосон хугацаандаа уулзахгүй бол бүсгүйчүүд тавуулаа бус арвуулаа нүцгэнээр жагсах болно гэлээ.
Дэлхийд
Кабул хотын төвд аймшигтай дэлбэрэлт болов
Афганистаны нийслэл Кабул хотод террорын ажиллагаа үйлдсэнээр 103 хүн амь үрэгдэж, 235 хүн бэртэж гэмтсэнийг Афганистаны ДХЯ-ны тэргүүн Вайс Бармак мэдээлжээ. Тус орны дотоод хэргийн яам болон аюулаас хамгаалах газрын тэргүүний хамтарсан хэвлэлийн хурлыг афганы телевизийн хэд хэдэн сувгаар шууд дамжуулан нэвтрүүлснийг Интерфакс агентлаг уламжилсан байна.
АНУ-д “Кремлийн илтгэл”-ийн шинэ жагсаалтыг гаргав
Төрийн дээдалбан тушаалтнууд, төрийн мэдлийн компанийн удирдагчид болон олигархиуд гээд нийт 210 хүний нэр байна. АНУ-д “кремлийн илтгэл” гэгчийг бэлтгэж, конгресст шилжүүлжээ. Угтаа энэ нь хориг арга хэмжээний шинэ жагсаалт юм.
Гэхдээ уг жагсаалтад орсон нь ямар нэг хязгаарлах арга хэмжээ шууд авна гэсэн хэрэг биш гэдгийг төрийн департамент тодруулан тайлбарлажээ. Бүр 2017 оны зун томъёолсон конгрессын шаардлагыг биелүүлэхээр энэхүү жагсаалтыг гаргасан юм гэж Америкийн сангийн яам бас онцлон тэмдэглэсэн байна.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ