Утаатай бууз ходоодыг хордуулдаг уу?


Арав гаруй хоногийн дараа монголчууд бидний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяр болох гэж байна.
Монголчууд цагаан сарын хүндэтгэлийн идээний нэг буузаа хийж, гэрийнхээ гадна хөлдөөдөг байсан цаг өнгөрчээ. Учир нь агаарын бохирдлоос болж гадаа бууз, баншаа хөлдөөх нь асуудал болоод байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 10 гаруй хувиар давсан үзүүлэлтийг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах албаны судалгаагаа харуулжээ. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин их байна гэсэн судалгаа гарсан.
Утаатай өвөл сар шинийн бууз, баншаа хэрхэн хөлдөөх вэ? Агаарын бохирдол, тоосонцорын хэмжээ гадаа гаргаж, хөлдөөсөн буузанд нөлөөлдөг үү?
Тэгвэл агаарын бохирдлоос үүдэн нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM2.5, PM10 хэмээх үл үзэгдэгч тоосонцорууд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Мөн хоол хүнс гэдэг утгаараа ходоодонд нөлөөлөхийг үгүйсгэхгүй аж.
Энэ талаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах албаны мэргэжилтэн “Хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг тоосонцорууд хүний уушгинд шигдэж, зүрх судас, амьсгалын замын өвчлөл үүсгэх нөхцөл болдог. Энэ жил цагаан сар хоёрдугаар сарын дунд үеэр болж байгаа учраас нүүрсний хэрэглээ багасч, мод түлэх нь нэмэгддэг. Ингэснээр агаар дахь хүхрийн хэмжээ багасч, тоосонцорын хэмжээ нэмэгддэг” гэв.
Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн цагаан сарын баярыг угтан явуулдаг урьдчилсан хяналт шалгалтыг сарын өмнөөс эхлүүлжээ. Энэхүү хяналтыг сарын турш үргэлжлүүлэх ба үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй бууз, банш үйлдвэрлэгчид, байрны хонгил болон бусад шаардлага хангаагүй газарт бууз хийн зарж байгаа гар дээрээс худалдаа эрхлэгчдэд хяналт тавьж ажиллаж буй юм.
“Сар шинээр айл бүр бууз хийхээс гадна худалдаа, үйлчилгээний газраас бэлэн буузаа авдаг болсон. Иргэд сар шинийн бууз худалдаж авахдаа хаана, хэзээ үйлдвэрлэсэн байна гэдгийг шошгоноос нь хардаггүй. Эрүүл ахуйн шаардлага хангасан газарт үйлдвэрлэсэн эсэхийг нь лавладаггүй. Гэтэл цагаан сарын баярын өдрүүдээр үйлдвэрийн бус аргаар үйлдвэрлэсэн шошгогүй бууз, банш ихээр худалдаанд гардаг. Ашиг олох зорилгоор чанаргүй бүтээгдэхүүнээр олон тооны бууз хийж худалдаалах тохиолдол ч байдаг.
Тиймээс хэрэглэгчид хэрэв бууз худалдаж авах бол хаяг, шошго, үйлдвэрлэсэн газрыг сайтар нягталж, худалдан авах хэрэгтэй. Бууз, баншийг зориулалтын бус, агаарын бохирдол, тоосжилт ихтэй нөхцөлд хөлдөөж байгаа бол эрүүл мэндэд эрсдэлтэй” хэмээн албаныхан анхааруулж буй юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ