Хийжүүлсэн ундаа уусаар байгаад шүдээ үйрүүлжээ

Ирландын Майкл Шеридан гэдэг залуу сүүлийн 10 жил хэвийн хооллож чадахаа больж хатуу хоол, бүр хачиртай талх идэхдээ ч их эмзэглэдэг болсон байна. Тэрээр зөвхөн шингэн хоол иддэг байсан боловч өөрийн дуртай хийжүүлсэн ундаанаас татгалздаггүй байжээ.

Зоогийн газарт угаагчаар ажилладаг тэрээр шүдний эмчид үзүүлэх хангалттай хэмжээний мөнгө байгаагүй гэнэ. Гэвч хийжүүлсэн ундаа авахад мөнгөө харамладаггүй байжээ. Үүний үр дүнд түүний шүд нь үйрсээр, үйрсээр байхгүй болсон байна. Аз болоход Майклын нэг найз нь шүдний эмч болохоор сурч байсан бөгөөд түүнд туслая гэжээ. Ийнхүү өвчтөн амандаа 27 имплант-шүдэлбэр хийлгэсэн байна.

Шүд хийлгэх хүртлээ тэрээр өдөр бүр 6-7 литр хийжүүлсэн ундаа уудаг байснаа ярьжээ.
“Хэрвээ эмчид очиж үзүүлвэл би дуртай ундаагаа уухаа болиход хүрнэ гэдгийг мэдэж байсан. Харин би ингэхийг хүсээгүй юм” гэж Майкл хэлсэн байна.
Тэрээр өмнө нь хүмүүстэй ярихаас санаа зовж, амнаас нь өмхий үнэртдэгийг мэддэг байсан учир шинэ танилуудтай ч болоогүй гэж мэс ажилбар хийлгэснийхээ дараа ярьжээ. Одоо Майкл хортой зуршлаа орхиж, сэтгэл судлаачид очихоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хийжүүлсэн ундаанаас нэг мөсөн татгалзах бодолтой байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ