"Цэц улс төрөөс бүрэн хамааралтай болсон байна"


УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний тангаргаа зөрчсөн үндэслэлээр хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ.
Тодруулбал, Ц.Нямдоржийг өөрийн цалин орлогоос давсан хэмжээний тэтгэмжийг бизнес эрхлэгчээс сар бүр авч байсан нь УИХ-ын гишүүний тангаргийг зөрчиж энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа үндэслэлээр хуульч нар цэцэд маргаан үүсгэх мэдээлэл явуулах гэж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Мөн түүнийг улсын нууц задруулсан зэргээр ч буруутгах үндэслэл байгааг хуульч нар тайлбарлаж байв.
Үүнээс гадна хуульчид өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах, У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж бүрдсэн зэрэг асуудлаар ҮХЦ-д хандсан талаараа мэдээлэл өглөө.
Хуульч О.Алтангэрэл "Сүүлийн үед манай хуульчид Үндсэн хуулийн цэцэд чамгүй олон асуудлаар хандлаа. Миний бие У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар, хуульч Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар, Хуульч Б.Жавхлан Ц.Нямдорж гишүүний асуудлаар хандсан.
Бид Монгол Улсад хууль байгаа л юм бол энэ асуудлууд хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэж ҮХЦ-д хандсан. Энэ мэдээллийн эхний хариунууд гарч ирж байна. Сүүлдээ гаргасан өргөдөл мэдээлэл ямар хүнд хуваарилагдсаныг хүртэл мэдэхэд хаалттай болжээ" гэв.
Хуульч Д.Миеэгомбо "Б.Наранхүү гишүүнтэй холбоотой цэцэд гаргасан мэдээлэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хамаатай. УИХ-ын гишүүн бол нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг. Нөгөө талаар УИХ-ын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан УИХ-ын үндсэн үйл ажиллагаа.УИХ-ын гишүүн чуулганд сууж байж л бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Энэ чуулганд суухгүй бол бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй.Яг энэ үндэслэлээр Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар ҮХЦ-д хандсан.
Өнгөрсөн Баасан гарагт ҮХЦ-ээс маргаан үүсгэх боломжгүй гэсэн. ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцанг энэ асуудлыг шийдэхээс өмнө бид сольж өгөөч гэж хүссэн. Одоо энэ асуудлыг ҮХЦ-ийн бага суудлын хуралдаанд гомдол гаргаж цааш нь авч үзэх боломжтой. Н.Жанцан гуайн тайлбараас харж байхад энэ асуудлыг нэлээн доош нь татаж, хөдөлмөрийн харилцааны түвшинд аваачсан байна билээ.
Цэц улс төрөөс бүрэн хамааралтай болсон харагдаад байна. Хууль зүйн хувьд нэлээн дархлагдсан газар. Үүнийг олон нийтийн оролцоотойгоор л хянана. Хуульч бид нэг л байр суурьтай байгаа. Үүний эцсийг үзнэ. Загас толгойноосоо эхэлж өмхийрдөг гэдэг. Манай нийгэм, улс төрийн байдал ийм л байна" гэв.
Хуульч Б.Жавхлан "Ц.Нямдорж сайд өөрөө түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг нь таньдаг учраас ашиглалтын зардал төлөөд амьдардаг гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүн хуульд зааснаас бусад төсөв, цалин, хангамжийг эдэлж болохгүй. Энэ асуудалд Үндсэн хуулийн зөрчлийн шинж харагдаж байгаа учраас ҮХЦ хянаж авч үзэх боломжтой" гэв.
Хуульч О.Алтангэрэл "Миний бие ҮХЦ-д хандаад 10 гаруй хоног болж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан гэсэн асуудал тавьсан.
Монгол Улсад Засгийн газар байгаа юм уу. 15 сайд бүгдээрээ УИХ-ын гишүүд. Тэгэхээр Засгийн газар нь ч, УИХ нь ч биш болчихоод байгаа юм. 32:33 гэсэн балансыг хадгалахын тулд Үндсэн хуулийг зөрчөөд байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ