Төрийн халаа сэлгээг хүлцсээр л суух уу?


Засгийн газар оны өмнө гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн. Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас Ж.Болормааг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Б.Нямааг, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Л.Баяртулгыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
Саяханыг хүртэл дээрх хүмүүсийн оронд хэн нэгнийг томилоогүй байсан бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч С.Мөнхбатыг, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсынбайцаагч Д.Энхбат нарыг томилно гэсэн “бор шувуу” саарал ордонд нисч байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад яригдаж байгаа С.Наранцогтын хувьд оны өмнө тус албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тэр утгаараа өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар жинхлэх магадлал өндөр байгаа аж.
Мөн энэ оны эхээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр н.Оюунчимэг гэх эмэгтэйг томилоод байгаа юм. Б.Нарантуяаг ажлаас халах шалтгаан нь сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэж буруутгасан билээ.
Ийнхүү Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 5-нд хийхээр болсон юм. Онцлоход, Үүрэг гүйцэтгэж байгаа Төрийн нарийн бичгийн дарга томилгоо хийх эрхгүй учраас Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтын дараа шил дараалсан халаа сэлгээ хийгдэх аж.
“Хүний эрх, шударга ёс, хөгжлийн төв”-өөс гаргасан мэдээллээр 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш төрийн албаны нийт 22235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14 мянган албан хаагч ажлаасаа халагдсан байна. Ингэхдээ аймаг бүрт дунджаар 350-700 гаруй албан хаагч ажлаасаа гарсан бол нийслэлд төрийн захиргааны төв байгууллага болон яамдуудаас 10 мянга гаруй албан хаагч эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгчээ. 2016 оноос хойш энэ хэмжээний төрийн албан хаагчийг ажлаас халж, шинээр 2000 ажлын байр бий болгосон гэж тус төвийнхөн хэвлэлд мэдээлсэн юм.
Сонгууль болгоны дараа Ардчилсан болон Ардын намын хүн гэх гадуурхал төрийн байгууллагад өрнөдгийг бид нэгэнт харсаар дасчээ. Тэр намын хүн, энэ намын хүн гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан мянга мянган иргэдийн төлөөлөл жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаж байсан тохиолдол ч бий. Өнгөрсөн оны гуравдугаар сард Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор 28 жил ажилласан эмэгтэй ажлаас халагдсан гэх шалтгаанаар өөрийгөө шатааж, амиа хорлосон харамсалтай тохиолдол гарсан.
Энэ мэтчилэн хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулмааргүй л санагдана.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ