"2019 оноос улс орны эдийн засаг сэргэх хандлагатай байна"


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн ажлын айлчлалаа Хэнтий аймгаас эхлүүлж байна. Тэрээр дөнгөж сая Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нарын гишүүд, тус аймгийн засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ын дарга Р.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Хэнтий аймаг сүүлийн жилүүдэд улсын төсвийн орлогыг даван биелүүлж, аймгийн төсөвт хэмжээндээ нийцүүлэн төрийн үйлчилгээгээ үзүүлж байгаа гэдгээ албаныхан уулзалтын эхэнд тодотгов. Цаашид Хэнтий аймаг орон нутагтаа хүнсний хэрэглээний ногоогоо бүрэн тариалах, мал аж ахуйгаа зохистой байдлаар өсгөн нэмэгдүүлэх, аймгийн төвийн орон сууцны үнийг буулгах зэргээр ард иргэдийнхээ амьдралд анхааран ажиллаж байгаа аймгийн удирдлагууд тодотгож байна.

Өнгөрсөн онд Хэнтий аймагт өвөлжилт хүндэрсэн ч 0.8 хувийн гарлагатайгаар даван туулсан бөгөөд энэ онд бусад аймгуудаас ирсэн отор нүүдэл их байгаа аж. Улсын нөөцийн салбар агуулахуудаар дамжуулан малчдад 100 тонн өвс, 300 тонн өвс тус аймагт олгосон байна. Энэ онд Хэнтий аймагт 4.4 сая толгой мал өвөлжиж байгаа дотор гаднаас зургаан аймгийн отрын мал өвөлжиж байгаа аж. Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт малын гоц халдварт өвчний голомт дэлгэрч байгаатай холбогдуулан, шууд оношилгоог газар дээр нь хийх шаардлага тулгарч байгааг холбогдох албаныхан уламжлав.
Хэнтий аймаг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой онцгой бүс нутаг. Тиймээс ч цаашид аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх чиглэлд анхаарч, орон нутгийн тохижилт, бүтээн байгуулалтын авч ажилд тодорхой хөрөнгө мөнгөзарцуулж буйгаа уламжилсан юм.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Миний бие Хэнтий аймгаас орон нутгийн ажлын айлчлалаа эхэлж буйдаа баяртай байна. Бид хүндхэн эдийн засагтай улс орныг хүлээж аваад, ОУВС-тай хамтрах замаар асуудлуудаа шийдэн ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Өнгөрсөн оны төсвийн орлого даван биелж, бондын өрийн төлөлтүүдээ амжилттай хийх зэргээр өрийн тулгамдсан дарамтаас салах чигтэй байна.
Бид тууштай ажиллаж чадвал 2019 оноос улс орны эдийн засаг сэргэх хандлагатай байна. Үүний тулд төрийн албаны сахилга батыг сайжруулж, төсвийн зохистой зарцуулалтад онцгой анхааран ажиллах шаардлагатай бид тулгарч байна. Ард түмэн биднээс сахилга бат, дэг журмыг хүсч байна. Шат шатандаа хариуцлагатай ажиллаж, ард иргэдээ төр нь сонсдог байх хэрэгтэй. Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласан байгаа. Бид ажлуудаа цаг тухайд нь дүгнэж ажиллах учиртай.
Ард түмэн төрийг төр шиг, улсыг улс шиг болгохыг биднээс хүсч байгаа. Оны эхнээс аймгийн удирдлагууд төсөвт суутгагдсан хөрөнгө оруулалтын ажлуудын биелэлтэд анхаарч ажилла. Сайн санаачилгатай ажилласан төрийн албан хаагчдыг урамшуулдаг. Хариуцлага тооцдог тогтолцоог бий болгохын төлөө ажиллахыг үүрэг болгож байна" гэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Хэнтий аймагт өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан 160 тонн өвс, 100 тонн тэжээл олгохын зэрэгцээ малыг халдваргүйжүүлэх чиглэлд бодит дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ