Ж.Батзандан: Аудитын байгууллага хүчтэй байх ёстой
Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай”; “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай”; “Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын албан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэлх хувиар, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэлх хувиар нэмэгдүүлэх саналыг тогтоолын төсөлд тусгажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Аудитын байгууллага хүчтэй байх ёстой” гэдгийг онцлоод, төрийн өмчит үйлдвэрүүд дампуурлын ирмэгт тулж байхад аудитын байгууллагуудаас гаргасан санал, дүгнэлтийг хууль хяналтын байгууллагууд хэрэгсэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, УИХ-ын гишүүн, ТБХ-ны гишүүний хувьд Аудитын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Төр, ард түмний нэртэй өмч бүхэн хулгайд алдагдаад дууслаа. Аудитын тухай хуульд төрийн өмчит компаниуд өөрсдөө аудитоо сонгоно гээд заачихсан байгаа. Энэ мэт хуулийн цоорхойг засч залруулах хуулийн төслийг оруулж ирэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Аудитын сэдвийг жил бүр УИХ болон байнгын хорооноос баталдаг. 2019 онд 29 сэдвээр Аудит хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Иргэдийн зүгээс санал, гомдол ирж болно. Тиймээс аудитын төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт гэж байх ёстой.
Түүнээс гадна Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр тавигдаж буй асуудлуудыг нийгмийн захиалга гэж хүлээж авах хэрэгтэй.” хэмээн аудитынханд захилаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ