Д.Мөрөн: Монголд 15 орны 1959 цагаач иргэн амьдарч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслөөр жилдээ 100 хүртэл гадаад иргэдэд цагаачлалын квот олгохоор заасан юм.

Одоогийн байдлаар Монгол Улсад 15 орны 1959 цагаач иргэн амьдардаг. Тэдний 1249 нь хятад, 643 нь орос, үлдсэн нь өөр орны иргэд аж.

Өнөөдөр монголд амьдарч байгаа 1959 цагаач иргэн нь хувьсгалын өмнөөс эхлээд суурьшсан тэдний хүүхэд аж. Оросууд нь Амгалан, 13 дугаар хороололд гол төлөв амьдардаг бол хятад иргэд 100 айл орчмоор амьдардаг байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Иргэдтэй уулзалт хийхээр хил орчмын аймгуудад хятад иргэд ороод ирсэн мал маллаж байна, хүргэн нь болчихсон байна гэх юм. Жуулчны визээр орж ирээд буцаж явдаггүй гэх. Иргэдэд зөв мэдээлэл өгч байгаач. Төргүй юм шиг хятад иргэдийг алдчихаагүй гэж бодож байна.

НҮБ-аас Хойд Солонгост хориг тогтоосноорулс орнууд тус орны иргэдийг ажиллах хүчнээс чөлөөлөх болсон.Монголд ажиллах хүчний квотоор орж ирсэн Хойд Солонгосын иргэд байна уу. Хориг тавигдаж байгаа юу?

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн: Ажиллах хүчний хувьд тусдаа хуулиар зохицуулагддаг.Засгийн газар ямар салбарт хэдий тооны ажиллах хүч авах вэ гэдгээ квотоор тогтоодог. Барилгын салбарт 110, уул уурхайн салбарт үүнээс арай их гэдэг ч юм уу.

Жуулчны визээр орж ирж хөдөлмөр эрхэлдэг зөрчил багассан. Хууль эрх зүйн орчин тодорхой болсон, торгуулийн хэмжээ өссөн. Хэрвээ хууль зөрчвөл оруулж ирсэн компанийг нь 2.5 сая төгрөгөөр торгоно.

НҮБ-аас Хойд Солонгост хориг тавьсантай холбогдууланхэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.Одоогийн байдлаар 798 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгээр ажил эрхэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Улс төрийн орогнол хүссэн иргэдийг л цагаач гэж ойлгодог. Ямар шалгуур тавьдаг юм бэ. БНХАУ-аас цагаачилж байгаа иргэдийн хэдэн хувь нь Өвөрмонгол, хэдэн хувь нь хятад иргэд байна вэ. Тэр хүн эх орондоо амьдрах боломжгүй, амь нас нь хутганы иргэн дээр байгаа үед цагаач квот олгож байна уу?

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн: Цагаач, орогнол хүсэх гэдэг тусдаа асуудал.

Монгол Улс дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ НҮБ-д албан ёсоор зарласан орон. Цагаач гэдэг бол цагаачилж амьдрах хүсэлт тавьсан иргэдийг хэлнэ. Ихэнх нь буюу 90 орчим хувь нь Монголд олон жил суурьшсан. Өвөг дээдсээсээ эхлээд суурьшсан.Нийт 15 орны 1959 цагаач иргэн байна.

Насны ангиллаар авч үзвэл 0-16 насны хүүхэд 387, 19-40 насныхан 593, 41-60 насныхан 582, 60-аас дээш 350 байгаа.Өвөрмонгол цагаачийн тоо тун цөөхөн.

Шинээр төрсөн хүүхдийг цагаач статусаар бүртгэдэг. Цагаачийн хүүхэд 180 хоногоос дээш гадаадад сурах бол хасалт хийлгэх ёстой. Сурчихаад Монголд буцаад ирвэл цагаач статусыг нь сэргээж өгдөг.

Сүүлийн 7-8 жилд дунджаар 4-5 хүнд цагаач статус өгч байгаа. Өнгөрсөн жил хоёр иргэнд цагаач статус олгосон. Нэг нь хятад, нөгөө нь орос. Хятад иргэн нь хориход 22 жил ял эдлээд гарч ирсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ