"Газар хөдлөлт намжтал оюутнуудыг Тайпэйд байлгаж байгаад буцаана"


Тайванийн газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн талаар ГХЯ- консулын газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд "Тайванийн зүүн эрэгт энэ сарын 6-ны өдөр буюу Мягмар гарагт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ үйл явдлын дараа манай яаманд Тайваньд амьдарч буй монголчуудын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар олон асуулт ирсэн.
Орой 23:00 цагт болсон энэ явдал харамсалтай үр дүнг авчирлаа. Газар хөдлөлт болсон бүсэд манай улсын оюутнууд амьдардаг байсан. Оюутнуудтай холбогдох үйл ажиллагааг энэ сарын 7, 8-ны өдөр явууллаа.
Гадаад Хэргийн Яамны Консулын газраас эрсдэл өндөртэй бүс нутгаас дөрвөн оюутныг шилжүүлэх ажлыг хийж, энэ сарын 8-ны өдрийн өглөө 08:19 цагт Тайпэйд авчирсан.
Үүний өмнө тухайн бүсэд байсан хоёр оюутан ирсэн байсан. Газар хөдлөлтийн давтамж аюулгүй гэж үзсэн бүсэд байсан оюутнуудыг нүүлгэн шилжүүлсэн. Тэнд байсан 13 оюутнаас 10-нь ирсэн. Гурван оюутан нь өөрсдийн саналаар их сургуульдаа үлдсэн байгаа.
Энэ оюутнуудтай өнөөдөр бид 14:00 цагт видео уулзалт хийлээ. Бүгд эрүүл, аюулгүй газарт байна. Газар хөдлөлтийн байдал намжих хүртэл Тайпэйд байлгаж байгаад буцаана. Зарим иргэд энэ нөхцөлд ГХЯ яаж ажиллав гэж асууж байна. Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаас холбогдох заалтын дагуу зохих хэмжээний зардлыг гаргасан.
Энэ сарын 8-нд Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу ГХ-ны сайд тушаал гарган хөрөнгө мөнгийг шийдүүлснээр оюутнуудыг бүгдийг нь авчраад байна" гэлээ.
Хурлын дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Газар хөдлөлт намжтал гэж хэллээ. Ер нь цаг уурчид энэ талаар ямар тайлбар хийж байгаа вэ?
-Эхний өдрийн орой 15 минутын зайтай газар хөдлөлт болж байсан. Дараагийн өдөр нь ижил давтамжтай хөдөлсөн. Энэ сарын 8-ны өдөр газар хөдлөлт дахин гурван удаа хүчтэй давтагдсан тул өөрсдийн иргэдээ тухайн бүсээс хурдан нүүлгэн шилжүүлэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ