М.Энхболд: Тансаглал үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй

УИХ-ын намрын чуулганыг хаалаа. Намрын чуулганыг 2017 оны аравдугаар сарын 2-нд нээж байсан бөгөөд ажлын 93 өдөр чуулж, нийт 125 хууль, 54 тогтоол баталсан байна.

Тухайлбал, УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийг батлахдааэдийн засгийн өсөлтийг бодитой тогтоох, зарлагыг бууруулахад анхаарч ажиллажээ. Мөн энэ онд 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, зарим сургууль, цэцэрлэгийг өргөтгөх хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт суулгаж өгснөөр гурван ээлжээр хичээллэдэг,сугалаагаар цэцэрлэгт хүүхдээ өгдөг тогтолцоо халагдах болж байгаа аж.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд: Малчдын тэтгэврийн насыг бууруулснаар энэ онд 2013 малчин тэтгэврээ тогтоолгоно. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэхэд 137.4 тэрбум төгрөгийг суулгаж, баталж өгсөн байна. Жижиг, дунд үйлдвэрийг бүх талаар дэмжих нь төрийн үүрэг. Тиймээс жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд зориулж, 99.2 тэрбум төгрөг баталж өглөө.

Иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа агаарын бохирдлыг бууруулах асуудал УИХ анхаарлын төвд байлаа. Иймээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. УИХ агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой тогтоолыг баталлаа.

Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжилтийг тайлагнадаг албан ажиллуулах. Шөнийн цахилгааны үнийг хөнгөлөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэгт зориулж төсөвт 16,9 тэрбум төгрөг суулгаж өгсөн.

Банкны салбарт дураар авирлах, арилжааны давуу байдал үүсгэхээс сэргийлж, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөх, төр татвар төлөгчийн өмнөөс хариуцлага хүлээдэг байдлыг зогсоож,эрх зүйн орчныг бүрдүүллээ.

2019 оноос хэрэгжих Төрийн албаны тухай хууль сонгуулийн дараа төрийн албыг бужигнуулж, халагддаг байдлыг хязгаарлалаа. Төрийн албанд анх орох, албан тушаалд томилогдоход шалгууртай боллоо. Ерөнхийлөгч болон зарим улс төрийн намын зүгээс УИХ-ыг тараах тухай ярих боллоо.

УИХ-ыг тараах асуудлыг ажил сайжруулах шаардлага гэж ойлгож болох ч Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэлд нь халдаж, үйл ажиллагааг нь сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр арга байхгүй.

Эдийн засгийн өсөлт 2013 оноос тасралтгүй буурсаар, төсвийн алдагдал 3.6 их наядад хүрсэн улсыг бид хүлээн авч шинэ Засгийн газар байгуулж байсан. Улс орны эдийн засаг нэн хүнд байдалд орсон, евро бондын төлбөрийг хийх боломжгүй хүнд байдалд орсон байсныг мартах учиргүй.

Харин энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэнгүүт орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх. Өндөр хүүтэй дотоод болон гадаад бондоос татгалзах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Үр дүн нь иргэдийн халаасанд ороогүй байгаа ч нааштай үр дүнгүүд гарч байна.

Та бид итгэж сонгосон сонгогчдоо төлөөлж ажиллаж байгаа гэдгийг мартах ёсгүй. Тансаглал үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй. УИХ-ын гишүүний нэр хүнд нь унаж байна. Хуулиар олгосон эрх хэдий байвч үүрэг хариуцлага чухал гэдгийг сануулъя. Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн ёс зүйгээс хамаардаг.

Хуулийн чанарт анхаарах нь чухал болж байна. Өргөн барьсан хууль босго давахгүй буцах, баталсан хууль хэрэгжиж эхэлмэгц Үндсэн хууль дээр унах тохиолдол гарсаар байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ