Намрын чуулган хааж, намууд талцсан долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
ОУВС-ийн төлөөлөгчтэй уулзав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 05-ны өдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан. Цаашид ололтоо улам бататгаж, ахиулна гэдэгт итгэж байдгаа Жефф Готтлиб хэлэв. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ.
Засгийн газар ''Ноолуур'' хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор ажиллах хүч, мэргэжилтний тухай асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ''Ноолуур'' хөтөлбөр батлах тухай асуудлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Мөн хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийг бүхэлд нь өөрчлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, оюутан хүүгүй зээлээр суралцаж, ажлын талбар дээр гарахаараа төлөх нөхцөл бий болжээ.
Ипотекийн зээлийг 7, урьдчилгааг 25 хувь болгоно
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан /2018.02.06/ болж, ахмадын болон түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо. Урьдчилгаа төлбөргүйгээс иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байх тохиолдол олонтаа гарах болсон. Үүнийг зохицуулахын тулд Засгийн газар ипотекийн зээлд тавих шалгуурыг өөрчлөх аж. Ингэхдээ дахин төлөвлөлтөд хамрагдсан болон хотоос зайдуу газарт баригдсан орон сууцнаас сонговол ипотекийн зээлийг 7 хувь, урьдчилгааг 25 хувь болгохоор төлөвлөжээ.
Ерөнхий сайд Улсын аварга малчдад шагналыг нь гардуулав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолтоор ажиллахдаа Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий малчдад шагналыг нь гардууллаа. Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Г.Гонгорбаатар, Л.Лувсанбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Д.Нямдорж нар энэ жил Улсын аварга малчнаар тодорсон байна.
"ЗГ шийдлээ олохгүй, тансаглалаар хөөцөлдөж байна"
Намрын ээлжит чуулганы үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр “Засгийн газрын сайд нар сандал ширээнд илүү ач холбогдол өгч, тансаг машинаар зугаалахаа бодож байна. Гурван хүний хоёр нь бүрэн тэтгэвэр авч байна. Сарын 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдралаа болго гэж байна.
Миний бие үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхийг уриалж байна. Ингэвэл ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Засгийн газраас тэтгэврийн шинэчлэл хийхийг шаардаж, хамтарч ажиллах болно” гэв.
“Эрдэнэтийн баталгааг хуурамчаар гаргасан байх боломжгүй” гэв
"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг 'Эрдэнэт'-ийн тамга тэмдэг хуурамчаар гаргаж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа 'Стандарт' банкнаас зээлсэн мөнгө“Эрдэнэт”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яавч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм” гэлээ.
“Эрх баригчдад алсыг харсан бодлого алга”
УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганы үйл ажиллагааг дүгнэж мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9 хүртэл юу болсныг манай гишүүд дүгнэлээ. Энэ намрын чуулган бол ОУВС-нд хөтлөгдөж, татвар нэмсэн чуулган байлаа. Эрх баригч нам эргэж хургасан, талцсан, зодолдсон, барааны үнэ, шатахууны үнэ огцом нэмэгдсэн чуулган байлаа. Үнийн зохицуулалтын тал дээр эрх баригчдад алсыг харсан бодлого алга. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан.
УИХ-ын намрын ээлжит чуулганыг хаав
УИХ-ын намрын чуулганыг хаалаа. Намрын чуулганыг 2017 оны аравдугаар сарын 2-нд нээж байсан бөгөөд ажлын 93 өдөр чуулж нийт 125 хууль, 54 тогтоол баталсан байна.
Тухайлбал, УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг бодитой тогтоох, зарлагыг бууруулахад анхаарч ажиллажээ. Мөн энэ онд 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, зарим сургууль, цэцэрлэгийг өргөтгөх хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт суулгаж өгснөөр гурван ээлжээр хичээллэдэг, сугалаагаар цэцэрлэгт хүүхдээ өгдөг тогтолцоо халагдах болж байгаа аж.
Нийгэмд
“АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлигачдын нэг”
Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын олон нийтийн зөвлөлөөс /2018.02.07/ мэдээлэл хийлээ. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлига авдаг, авлигачдын нэг юм байна. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын дарга Х.Энхжаргал төрсөн эгчийнхээ хүүхдийг Зүүнхараагийн Төмөр замын засварын газрын даргаар томилсон байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. АТГ-ыг удирдаж байгаа хүн өөрөө авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна гэж дүгнэхэд хүрч байна. Тиймээс АТГ-ын удирдлагуудыг өөрчлөх ёстой.
500 хүүхэд автобусаар гэртээ хүргүүлдэг боллоо
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүдийг автобусаар гэрт нь хүргэж өгдөг болсон байна.
Гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэж өгснөөр гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Дэлхийд
Халзан хүмүүсийг "эмчилдэг" луйврын сүлжээг илрүүлэв
Халзралтыг эмчилдэг гэх луйврын аргаар ажиллаж байсан 85 хүнийг Хятадын хойд нутагт шийтгэсэн байна. Энэ талаар “South China Morning Post” сонинд бичжээ. Тус сонинд дурдсанаар, шүүх хурал Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотод болсон байна.
Энэхүү гэмт бүлэглэлийг анх гурван хүн байгуулж, хөгжлийн оргил үедээ 100 гаруй гишүүнтэй болсон аж. Тэд ложистик, маркетинг, зар сурталчилгаа болон санхүүгийн асуудал хариуцдаг байжээ.
Путиний зургаан жилийн орлогыг зарлав
Сонгуулийн төв комисс Оросын ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путиний орлогын тухай мэдүүлгийг нийтэлжээ. Тус орны удирдагч сүүлийн зургаан жилд 38,5 сая рублийн орлого олсон байна. Үүнээс гадна, Путин янз бүрийн банкинд 13 данстай бөгөөд эдгээрт нийтдээ 13,8 сая рубль байгаа ажээ. Түүнчлэн тэрээр “Санкт-Петербург” банкны 230 хувьцаа эзэмшдэг байна. Нийтлэгдсэн мэдүүлгээс үзвэл, ерөнхийлөгчийн орлогын эх үүсвэр нь цалин, цэргийн тэтгэвэр болон банкны хадгаламжийн хүү ажээ.
Цэргийн парадаар баллистик “Hwasong-15” пуужинг үзүүлэв
Пхеньян хотын талбайгаар танк, “Hwasong-12” болон “Hwasong-14” пуужин тээсэн ачааны машин, их буу, хуягт тээвэрлэгч явж өнгөрсөн байна. Өмнөд Солонгост өвлийн олимпийн наадам эхлэхээс нэг өдрийн өмнө Пхеньянд болсон цэргийн парадын хүрээнд тив хоорондын “Hwasong-15” пуужинг үзүүлсэн байна. Умард Солонгосын цэргийн удирдлагынхны хэлж байгаагаар уг пуужин АНУ-ын эх газрын хэсэгт хүрч чадах аж.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ