Б.Баттөмөр нарын гишүүд Ерөнхий сайдад асуулга тавьжээ


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нарын гишүүд хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.
Асуулгад аливаа улс орон холыг харсан хөгжлийн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой зорилго, зорилтуудтай байж хурдтай хөгждөг жамтай гэдгийг тодотгоод монгол төрийн бодлого тодорхой байж тогтвортой хэрэгжих ёстой гэдгийг онцолжээ.
Асуулга тавьсан гишүүд тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр нь нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, баян хоосны хэт их ялгарлыг бууруулж, “хэнийг ч ардаа үлдээхгүйгээр” хөгжих явдал чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Тиймээс УИХ-д суудал бүхий намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж, 2016 оны УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тодруулжээ.
Тогтвортой хөгжлийн зорилт батлагдсанаас хойш даруй 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч зорилтод тусгагдсан хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаарх мэдээлэл хангалтгүй байгаа тул гишүүд ийнхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьжээ.
Мөн 2020 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр үе шатанд тавигдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх талаар тодорхой хариулт боловсруулж ирүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүссэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ