Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг "түдгэлзүүлнэ"

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод буй. Өчигдөр Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман мэдээлэл хийхдээ “…УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна.

Ер нь хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй. Ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу баривчлах үндэслэл болдог.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулж байна. Цаашид прокурор, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараагаар хуульд заасан тодорхой төрлийн ажиллагаануудыг хийнэ” гэсэн билээ. Энэ долоо хоногийн эхээр Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулахаар төлөвлөж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ