Д.Гантулга гишүүний "гага" гозолзох дөхсөн 7 хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Гадаад харилцааны сайдЯпон улсад айлчлав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон улсад хийж буй айлчилж байна. Тэрээр энэ сарын 25-ныг дуустал Япон Улсад албан ёсны айлчлал хийх юм. Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад оршиж байна.
Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллав
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр тус аймгийн иргэд тулгамдаад буй асуудлын талаар санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тухайлбал, Сэлэнгэ аймагт хөрсний бохирдлын асуудал хүндрэлтэй байгаа төдийгүй гурван тэрбум төгрөгөөр баригдсан цэвэрлэх байгууламж үүргээ гүйцэтгэхгүй байна гэх асуудлыг хөндсөн юм. Мөн аймаг, сумдад намчирхал газар авч байгааг шүүмжлэн хэллээ.
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн татварын асуудлыг УИХ шийднэ
Засгийн газрын хуралдаан /2018.02.22/ болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 1998-2015 оны хооронд төлсөн дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг тухайн жилүүдийн улсын төсвөөс суутган тооцох талаар УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр болов.
“Саусгоби сэндс” улсад төлөх 35 тэрбумын өрөө барагдуулав
“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35.5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35.3 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг 2016 болон 2017 онд тэнцүү хуваан төлөх, үлдэх 20.3 тэрбум төгрөгийг Тавантолгой уурхайд ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах үүргийг тус компанид өгсөн аж.
Д.Гантулга гишүүнийг яллагдагчаар татжээ
УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод буй. Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман мэдээлэл хийхдээ “…УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна” гэв.
Нийслэлийн харьяа байгууллагуудыг Яармагт шилжүүлэхээр болов
Засгийн газрын хуралдаан /2018.02.22/ болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
Э.Эрдэнэжамъян ажлаа өгөв
МАХН-ын Их хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Э.Эрдэнэжамъян Б.Тулгад /2018.02.22/ ажлаа хүлээлгэн өглөө. Сар шинийн өмнөхөн МАХН Их хурлаа хийж, намын даргаараа Н.Энхбаярыг улираан сонгосон бол Ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Тулгыг сонгосон юм.
Нийгэмд
"Тавантолгойн ЦС-ын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон" гэв
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэвлэлийн бага хурал зарлаж, “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ.
“Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгон хангана гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл эрчим хүчээ аваагүй байна.
Мөн энэ үеэр Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Энэ оны долдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай ярилцаж байна гэж Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг хэллээ.
"С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй"
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болоод өнгөрсөн. С.Зоригийн хэргийн талаарх шүүх хурлын эмгэнэлт жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж худлаа зүйл яриулаад түүнийгээ эвлүүлээд нотлох баримт гэж хэлж байгаа. Хуулийнхан шүүх хурал хийхдээ Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. 14 мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа юм. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй. Харин ч өөрсдийнхөө асуудлыг нууцын зэрэглэлд оруулсан' гэв.
“Г.Номуундарь мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэв
Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман “Хохирогч Н-ийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна” гэв.
Дэлхийд
Иранд онгоцны ослоор 66 хүн амь үрэгдэв
Исфаган мужид нисэх онгоц сүйрсэнтэй холбогдуулан Иран улс дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн цахилгаан утас хүлээн авч байна. Нисэхийн “Aseman Airlines” компанийн нисэх онгоц Тегеранаас өмнөд нутгийн Ясуж хот руу нислэг үйлдэж явжээ.
Өтгөн манан ослын нэг шалтгаан болсон байж болохыг тэмдэглэж байна. Зарим мэдээгээр, сүйрэл болохын өмнө нисэх онгоц ослын буулт хийх гэж оролджээ. Агаарын хөлөгт 66 хүн сууж явсан байна. Нисэхийн компани тэднийг амь үрэгдсэнийг нотложээ. Даатгалын компани амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд тус бүр 45 мянган ам.доллар өгөхөөр амласан байна.
Америкчууд хамгийн гол дайснаа нэрлэв
АНУ-ын гол дайснуудын эхний байранд Умард Солонгос орж байна. Олон нийтийн санаа бодол судлах Gallup хүрээлэнгийн судалгаагаар Америкчуудын 51 хувь нь ингэж үзэж байгаа ажээ.
Энэ үзүүлэлт 2016 оныхоос бараг гурав дахин их байна. АНУ, БНАСАУ-ын харилцаа хурцадсанаар ийм үр дүн гарсныг “The Hill” сайтад дурджээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олны өмнө үг хэлэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг “хүн-пуужин” хэмээн удаа дараа хочилж байсан юм.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ