Орос-Монголын ЗГ хоорондын 21 дүгээр хуралдаан эхлэв


Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 21 дүгээр хуралдааны үйл ажиллагаа өчигдөр (2018.02.26) ОХУ-ын Москва хотноо эхэллээ.
Хоёрдугаар сарын 26-28-нд үргэлжлэх Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэж, Монгол, Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс 13 дугаар хуралдаанаа явуулснаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын 21 дүгээр хуралдааны үйл ажиллагааны эхний өдрийн хөтөлбөр эхлэв. Түүнчлэн Монгол, Оросын ЗГХК-ын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын шинжээчдийн түвшний хуралдаан, Үндэсний хэсгийн дарга нарын уулзалт, Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын 5 дугаар хуралдаан болно.
ЗГХК-ын 21 дүгээр хуралдаан энэ сарын 28-нд болох бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нарын ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт, комиссын нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ