“Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжлэх захирамж гарчихаад байна"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “”Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх өр зөрүүтэй байдлаар хэвлэлүүдээр мэдээлэгдэж байгаа. Жастын Ш.Батхүү “Стандарт” банкнаас таван удаагийн гэрээгээр нийт 172 сая ам.доллар зээлсэн байдаг. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал тэргүүтэй таван хүн гарын үсэг зурсан байдаг.

Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах 51 сая ам.доллар дээр нэмээд хүү торгууль, шүүхийн зардлыг нэмээд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан. Тухайн үед Ш.Батхүүгийн зээлсэн 172 сая ам.доллараас 51-ийг нь хасахаар 121 сая ам.долларыг өнөөгийн Төрийн банк төлөх нөхцөл байдал үүсээд байгаа. Тэр үед энэ банк чинь Хадгаламж нэртэй байсан” гэв.

Мөнтэрээр “Шүүхээс 500 мянган ам.доллараас дээш үнэлгээ бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгүүдийн мэдээллийг авахыг хүссэн байдаг. Үүнийг нь өгөөгүй учраас “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх нь зөв гэсэн захирамж гаргачихаад байна. Монгол Улсыг ийм хүнд байдалд оруулсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ж.Алтан, Ш.Батхүү нарын жараахайнаас гадна өөр том хүмүүс ч байгаа.

Тухайн үед зээлийн шугамыг хэн нээв. Тодорхой хэмжээгээр нуун дарагдуулсан, Монгол Улсыг шүүх дээр ялагдуулахад хүргэсэн хүмүүстэй ч хариуцлага тооцох хэрэгтэй. “Стандарт” банк одоо Хятадынкомпанид зарагдсан. Төлөх мөнгө нь маш их. “Эрдэнэт” өнгөрсөн онд 300 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ мөнгөнөөс төлөлтийг хийх гэж байгаа нь маш буруу жишиг. Зээлийн хүү нь өдөр хоногоор өсч байгааг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Энэ үеэр тэрбээр дараах асуултад хариулт өглөө.

- “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийн битүүмжлэлийг хэрхэн хийнэ гэсэн үг үү?

-“Эрдэнэт” үйлдвэрийн гол өмч нь молибден. Өнөөдөр манай молибдены гэрээ Хятадад байгаа. Өөрөөр хэлбэл, шууд Хятадаас молибденийг авах эрхтэй гэсэн үг. Манай улс баяжмалаа тэдийг нийлүүлнэ гээд урьдчилаад мөнгөө авчихдаг. Энэ нийлүүлэлт зогсох эрсдэл үүсч, “Эрдэнэт” гэрээний үүргээ зөрчихөд хүрэх юм. Түүнээс биш Арбитр “Эрдэнэт” үйлдвэрийн байшин сав, ширээ сандлыг нь битүүмжлэхгүй.

- Та хуулийн байгууллагынхан энэ асуудал дээр хангалттай ажилласан гэж хэлж чадах уу?

-Би хуулийн байгууллагыг ажиллаагүй гэж хэлэхгүй. Гол нь нөхдүүд өмгөөллийн хуучин арга хэрэглэсэн. Гарын үсэг зурсан гэгдээд хүмүүс чинь бүгд хуурамч гэж мэдүүлэг өгсөн. Шүүхийн шатанд удааширсан, орхигдуулсан зүйлүүд бий. Гол нь тэр мөнгийг “Эрдэнэт”-ийн Эрсдлийн сангаас төлөөд л өнгөрч болохгүй. Ийм байдалд оруулсан хүн нэг бүртэй хариуцлага тооцох хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ