Татварын хууль өөрчлөгдөх нь бидэнд "ашигтай" юу?

Төрийн ордны өрөөнд тоосонд дарагдаастай гурван жил хэвтсэн Татварын ерөнхий хуулийг шинэчлэн өөрчлөх хуулийн төсөл "амь" орж эхэллээ. Ардчилсан намын үед НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталж, эцсийн хэрэглэгчдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийх нь үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх мөнгийг буцаан олголт хэлбэрээр өгөх болсон. Ингэснээр татварын орлого хоёр жил дараалан өссөн дүнтэй гарсан юм.

Харин энэ хуулийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиудыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан бөгөөд, эдгээр хуулийн төслийг баталснаар татварын орчинд том реформ хийгдэнэ гэж эдийн засагчид үзэж буй юм.

Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өчигдөр МҮХАҮ Т-д 350 гаруй бизнес эрхлэгчтэй уулзсан. Сангийн сайдын танилцуулснаар 2018 онд Татварын 3 хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх гэж байна.

Одоо хэрэгжиж буй Татварын ерөнхий хууль 9 бүлэг 76 зүйлтэй байсан бол шинэ төсөлд 14 бүлэг 83 зүйлтэй байхаар тусжээ.

Өөрчлөлт оруулж байгаагийн гол зорилго нь бизнесээ дэмжих, ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцлэх гэнэ. ААН-үүдэд хүндрэл учруулдаг татварын заалтуудыг судалж байгаад хуулиндаа өөрчлөлт оруулах аж.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Хуулинд орж буй өөр нэг чухал өөрчлөлт бол татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах. Үндэслэлгүй том дүнтэй татварын акт тавигдаж, дараа нь шүүхээр яваад ААН-ийн зөв болдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрчилнө. Мөн татварын албыг чадавхжуулах ерөнхий зарчмуудыг хүрээнд татварын хуулийн шинэчлэлийг хийж байгаа” гэв.

Тэгвэл татварын ерөнхий хууль хэрхэн өөрчлөгдөх вэ?

Татварын Ерөнхий хуульд:

  • Татварын өр төлөх хугацаа 2 сар байгааг 24 сар болгон сунгана,
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмгдүүлнэ,
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа, доош бол 2 удаа тайлагнадаг болно.

ААНОАТ-ын тухай хуульд:

  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,
  • X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
  • Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

ХХОАТ-ын тухай хуульд:

  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
  • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,
  • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.

Бусад:

  • Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
  • Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасагдуулна,
  • Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
  • Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ