Ж.Батзандан: Монголд нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр /2018.03.16/ Цагдан хорих 405, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллаж, Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ “Ирэх долоо хоногт Женевт болох Олон улсын парламентын холбооны 138 дугаар чуулганд оролцоно. С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын явцын талаар тогтмол мэдээлдэг. Энэ удаа хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч гэлээ араасаа олон эргэлзээ дагуулж байгаа тулбодит мэдээлэл өгөхөөр судалж байна.

ОУПХ-ны Хүний эрхийн салбар хорооноос энэ удаа С.Зоригийн хэргийн талаар 35 дахь тогтоолоо гаргана.” гэдгийг онцоллоо. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хорих анги дээр ажиллаж, яллагдагч нартай биечлэн уулзлаа. А.Содномдаржаагийн хувьд биеийн байдал хэвийн, хорих нөхцөл байдал ч хэвийн байна. Харин мөрдөн байцаах явцад болон Шүүх ажиллагааны үед эрхийг нь зөрчсөн үйлдлүүд удаа дараалан гаргаж байсан талаарярилаа. Энэ талаар баримт нотолгоогоо бичгээр өгнө гэдгээ хэлсэн” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “А.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын гэр бүлийнхний хүсэлтийн дагуу хорих анги дээр ирж биечлэн уулзаж, нөхцөл байдлыг сонслоо. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Гэтэл захиалгат аллага хэмээх зүйл ангиар гурван хүн хоригдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны үед ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчийн талд шийдвэр гаргана гэдэг үндсэн зарчим зөрчигдөөд байна. Энэ хэрэг дээр ажилласан тагнуул, цагдаагийн мөрдөн байцаагч нар, прокурор, шүүгч нарын үйл ажиллагаа Монгол Улсын хуулийн хүрээнд байсан эсэх дээр олон нийт төдийгүй Олон улсын байгууллагууд эргэлзэж байгаа.

16 настай хүүхэд 28 настай, 3 хүүхэдтэй эмэгтэйг дагуулж ирээд С.Зориг агсныг хороосон гэж ялласан. Төрийн өндөр албан тушаалтныг ийм хүмүүст захиалга өгч хороолгосон гэсэн мэдээлэл яваад байгаа.Иймд хэргийн материалуудын ил болсон хэсгийг Хүний эрхийн хороон дээрээ ярихаас өөр арга байхгүй.

Улсын Их Хурал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг баталсан. УИХ бол хууль батлахаас гадна баталсан хуулиа хянах ёстой. Монгол Улсад хууль хэрэгжих ёстой. Нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Хэрэв зөрчигдсөн бол бид хамгаална.” хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ