Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваад эмэгтэй хүн зодсон хэргээр эрүү үүсгэжээ

Ардчилсан Намын засаглалын үед аз нь гийдэг Д.Пүрэвдаваа гэгч эрхэм бий. Нийслэлийнхэн бол мэдэх байх. АН-ыг эрх барьж байх үед тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж, өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр томилогдсон нэгэн.

Тэр хийсэн ажил, бүтээсэн амжилтаараа бус эмэгтэй хүн зоддогоороо нийтэд нэр зүсээ илэрхийлдэг нэгэн гэдгийг та анзаарч байгаа байх. Анх дүүргийнхээ Тамгын газрын ажилтан жирэмсэн бүсгүйд эр бяраа гаргасан тухай хэвлэл мэдээллээр хэсэгтээ л шуугисан юм даг.

Сурсан юмыг сураар боодоггүй гэдэг шиг Ерөнхийлөгчид шадарлах болсноосоо хойш хуучин бууриа эргэнгээ дүүрэг дээрээ очиж урьдын араншин хөдөлж ахин эмэгтэй хүнд гар хүрсэн тухай мэдээ хэсэгтээ л сошиалыг хачирлаж байсан билээ.

Нийгэмд ингэж нэр төрөө нимгэлж байгаагаасаа сургамж авахын оронд тэрбээр саяхан дахиад л эмэгтэй хүнийг зодож гэмтээжээ. Энэ удаад “А” гэх эмэгтэй түүний гарт өртсөн бөгөөд шүүх эмнэлгээр гэмтлийн зэрэг дүгнэлтээ тогтоолгосон аж. Д.Пүрэвдаваагийн толгойг хэдий болтол илхэв, хуулийн байгууллага түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцид зөвлөхөөр ажиллана гэдэг нэр төр, хариуцлагын хэмжүүр. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр ийм нэр хүндтэй өндөр албыг мөрөөрөө хашиж чадахгүй элдэв хэл аманд өртөж, хэрэг төвөг удаж явдаг нь эмэгтэй хүнийг зодож танхайрснаар тогтохгүй. Тэрбээр хуурамч баримт бичиг үйлдэн ХААН банкнаас их хэмжээний мөнгө луйвардаж авсан гэх мэдээлэл бас байна.

Тодруулбал, өөрийн баруун гар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой хамтран удаа дараагийн үйлдлээр ХААН банкнаас нийтдээ 177 орчим сая төгрөгийг хуурамч бичиг үйлдэж залилан мэхлэх замаар авчээ. Хамгийн сүүлийн хоёр удаагийн үйлдлээр гэхэд 24,7 сая төгрөг, битүүний өдөр дахин 26 сая төгрөгийг иймэрхүү луйврын арга замаар авсан асуудал яригдаж байна.

Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 1,8 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирлыг улсад учруулж, гараа угаасаныг ньАудитын байгууллагын шалгалтаар хөдөлшгүй тогтоогоод байна. Тухайлбал, дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад томилолтоор ажилласан, бэлэг дурсгал, нотлох баримтгүйгээр ажилтнуудад илүү цагийн мөнгө олгосон зэрэг зөрчил яригдаж байна.

Х.Азжавхлан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ