БЗД-ийн АН шинэчлэгдэж эхэллээ

Ардчилсан нам өчигдөр буюу ням гарагт улс даяар Үндсэн дүрмийн дагуу ээлжит ротациа зохион байгууллаа.

Булган, Орхон аймагт малын шүлхий өвчин гарсантай холбоотойгоор санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бол Баянзүрх дүүрэгт сонгууль явуулахад нэлээд хүндрэл гарсан. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө намынхаа гадаа жагсаж байсан Баянзүрх дүүргийн Ардчилсан намын зарим гишүүд тус дүүрэг дэх гурван хэсгийн хороог шөнө дөлөөр бүсэлж аваад, саналаа өгөхөөр ирсэн хүмүүсийг дотогш нэвтрүүлэхгүй,“сонгууль хойшилсон” гэж худал хэлээд буцааж байв.

Тэдний түрэмгий ааш авир санал авах байрны бүрэн бүтэн, аюулгүй байдалд эрсдэл учруулахаар байсан тул Офицеруудын ордны Цэргийн дуу бүжгийн чуулга байраа суллаж өгөхийг шаардсан байна. Байрны эздийн шаардлагаар Санал авах байрны ажилтнууд өөр байранд шилжих гэсэн ч тэднийг хорьж, хаашаа ч гаргахгүй байсан тул арга буюу бүслэлтийг сэтлэхийг оролдсон ч энэ нь амжилтгүй болсныг эх сурвалжууд хэлж байна.

Ийнхүү нэг хэсэг нь хэнийг ч оруулахгүй хэмээн муйхарлаж, нөгөө хэсэг нь сонгуулиа явуулъя, саналаа өгье гэж зүтгэсээр хагас өдрийг барсны эцэст, Баянзүрх дүүрэг дэх гурван Хэсгийн хороонд санал хураалтыг арайхийн эхлүүлж, амжилттай дуусгасан байна.

Сүүлийн өдрүүдэд Баянзүрх дүүргийн Ардчилсан нам дотор өрнөж буй үйл явдлуудын цаадах “найруулагч” нь тус намын экс дарга Д.Пүрэвдаваа гэдгийг намын гишүүд нь хэлж ярьсаар байгаа. Тэрбээр эл дүүрэгт засаглах хугацаандаа төрийн албатууд болон хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарыг 100 хувь өөрийн хүнээр бүрдүүлсэн бөгөөд тэд нь түүний хууль бус аливаа үйлдлийг хаацайлж, мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж өөгшүүлж байдгийг Баянзүрхчүүд ярьдаг.Хэрэв энэ удаагийн дотоод сонгуулиар Д.Пүрэвдаваагийн нөхөд өвдөг шороодох юм бол төрийн албыг наймаалцсан, газрын авлигыг гааруулсан бүх булхай нь илчлэгдэж, өнгөрсөн хугацаанд босгож чадсан том сүлжээ нь эхнээсээ задран нурах болно.

Чухам үүнээс л эмээж буй Пүрэвдаваатнууд ээлжит ротацийг ийн улайран эсэргүүцэх. Тэд сүлжээнийхээ хүмүүст “Сонгууль болох юм бол бид ялагдана. Бид ялагдах юм бол та нар бүгд ажилгүй болно” гэсэн мэссэжийг ой тойнд нь тултал суулгаж, үүнд нь итгэсэн хорооны Засаг дарга нар болон Хэсгийн ахлагч нар гэр бүл, ах дүүгээ дагуулан энэхүү “будилаан”-д оролцсон аж.

Дуусашгүй их шуналаасаа болж Үндсэн дүрмээ зөрчин байж, жирийн гишүүд, дэмжигчдээ талцуулсан энэ тэмцэл ийн өндөрлөж БЗД-ийн АН-д шинэ салхи орж эхэлжээ.

Ж.Эрхэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ