"Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой"


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "2018 оны гуравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд Засгийн газарт Эрдэнэтийн асуудлаар асуулт тавьсан. Асуултынхаа хариуг бид тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аваад хариуг хүргүүлсэн.
Ингээд бид баримттай танилцаж байх үед олон мэдээ, мэдээллүүд олдсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрүүд хууль бусаар гарч байна. Төр дандаа хохирлыг нь хүлээж байна. Үндэслэлгүй шийдвэрүүдийг гаргаж байна. Хэн илүү мөнгө өгсөн талд нь шийдвэр гаргаж байна. Энэ асуудлуудыг бид тавьсан.
Яг энэ цаг үед бидний хэсэг гишүүд МАН-ын дэргэдэх Шинэ дэвшилтэт холбоо байгуулсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудлаар миний бие Цензургүй яриа нэвтрүүлгээр орохдоо "Шүүх засаглал ялзраад байна" гэж ярьсан. Үүнд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүх маш их эмзэглэж, надад хаяглсан албан бичгүүдийг хүргүүлсэн. Мөн 30 минутын хугацаатай шүүгдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоод, буцаагаад хаасан.
Эндээс харахад 3 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын ХОМ тэрбумаас давсан харагдсан. Өөрөөр хэлбэл нэг жилд шүүгч нар маань юу ч идэж, уухгүй амьдарчээ. Энэ нь ХОМ-ээр харагдсан.
Өнөөдөр бид Шүүхийн Ерөнхий зөвлөлд хариу хүргүүлнэ. Мөн УЕП-т "мэдээлэл гаргах тухай" гэсэн албан бичиг өнөөдөр илгээнэ. Мөн энэ албан бичгийг бид өнөөдөр сошиалд тавина. Бид өнөөдөр УЕП-оос шүүгч нарын ХОМ болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг шалгаж өгөөчээ гэж хүсэж байна.
Энэ шүүх засаглал үнэхээр хууль бусаар хөрөнгөжиж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж олон түмний эргэлзээг тайлж өгөөчээ гэж хүсэж байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Тэгж байж дараа нь бид шударга ёсны талаар ярих хэрэгтэй. Идэж, ууж авлига авах болохоороо уургын морь шиг. Шалгагдаж, хоригдох болохоороо бүгд өвчин зовлонтой болдог. Энэ болгоныг шийдэх газар нь шүүх.
Энэ шүүх нь өөрөө ингээд ялзарцан тохиолдолд нөгөө гүйцэтгэх, хууль тогтоох засаглалынхаа бусармаг үйл ажиллагааг бүрэн цэвэрлэж чадахгүй системийн хямралд шилжээд байна. Энэ албан бичгийг бид цагийн дараа албан ёсоор өөрийн фэйсбүүк хуудастаа тавина.
Өнөөдөр манай шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа. Бид ХОМ-үүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байна лээ. Эсвэл зарим нь түрээсийн орон сууцад амьдраад байгаа юм уу. Энэ тал дээр хамт оршин сууж байгаа хүмүүс нь бидэнд мэдээллэж өгнө үү.
Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авна шүү. Энэ бол зүгээр энгийн арифметик шүү.
Хоёр дахь асуудал бол 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргээж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах ёстой. Нийт 36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байгаа. Бид компанийн нэр ус, шийдвэр гаргасан шүүгч нарынх нь нэртэй хавсаргаж бичсэн байгаа. Үүнийг шалгуулна. Ингэхдээ 2018 он хүртэлх лицензтэй холбоотой асуудлыг шалгуулна. Өргөтгөсөн шалгалт хийж, эргэлзээг тайлах ёстой. Яагаад төрд хохиролтой байдлаар шийдвэрлэсэн юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой.
Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа. Сүүлдээ бүр Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр үндэслэхгүй лицензийн эрхийг сэргээсэн практик бий болсон. Ийм учраас ашигт малтмалын 36 лицензийг сэргээсэн 22 шүүгчтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна" гэв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Шударга ёс гэдэг нь өөрөө шударга шүүх. Аль ч улс оронд ингэж хариулна. Гэтэл өнөөдөр судалгааны байгууллагуудын дүнгээр 80-аас дээш хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдаад байна гэж үзэж байгаа. Одоо энэ асуудлыг ярих цаг болсон.
Шүүх бол шударга гэсэн хэмжүүрийг зүрх сэтгэлдээ тээж ажиллах ёстой хараат бус байгууллага байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд шүүх, хууль хяналтын байгууллагууд томилсон эзэндээ гөлөг мэт үйлчилдэг төрийн албадууд болж хувирчээ.
Өөрсдөө гүйцэтгэх засаглалтайгаа үгсэн хуйвалдаж, томилгоонд оролцдог байдал руу орчхоод байна. Энэ байдлыг яаралтай засахгүй бол болохгүй байна.
Ерөнхийлөгч Шүүх Прокурорыг томилдог, УИХ АТГ-г томилдог, Ерөнхий сайд ТЕГ болон ЦЕГ-ын удирдлагыг томилдог. Ингээд хууль хяналтын байгууллагууд эздээсээ болж зөрчилддөг болсон. Алх цохихдоо томилсон эзнийхээ хэлснээр асуудлыг шийддэг болсон.
Энэ байдлаараа явсаар байвал Монгол Улсад шударга ёс хэзээ ч тогтохгүй болно. Гэхдээ шударга ёсыг хүсэх хүсэмжлэл 80-аас дээш хувь байгаа тохиолдолд хувьсгал руу орно.
Тийм учраас үүнийг ярьж байгаа хүмүүст дургүйцхээсээ илүүтэйгээр, өөрсдөдөө дүгнэлт хийж, судалгааны дүнг яаж Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлж ахиулж чадах вэ гэдэг дээр хууль хяналтын байгууллагууд дорвитой дүгнэлт хийх цаг болсон" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ