"Хурдан гүйгч" Дотоод сонгуулийн хорооны ажилтан биш гэлээ


Улс төрийн гол хүчний нэг Ардчилсан нам өнгөрөгч ням гарагт улс даяар дотоод сонгууль зохион байгуулах үеэр Баянзүрх дүүрэгт багагүй будлиан үүссэн. Санал өгсөн, өгөөгүй, саналын хайрцаг авч зугтсан, зугтаагаагүй, сонгууль болсон, болоогүй гэсэн зөрүүтэй мэдээлэл, бичлэгүүд нийгмийн сүлжээгээр тархаж байна. Энэ бүх маргааныг цэглэж, АН-ын Дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Сонгуулийн үеэр тус дүүрэг дэх АН-ын өмнөх удирдлагууд болох Д.Пүрэвдаваа, Т.Батцогт нар нь сонгуулийн санал авах байрны гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, сонгогчдыг дотогш нэвтрүүлэхгүй байх оролдого хийсэн ч шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, сонгуулийг хэвийн зохион байгуулах үүргээ гүйцэтгэсэн болно.
Сонгуулийн өмнөх өдөр Д.Пүрэвдаваа нар жагсаал зохион байгуулах тухай мэдээлэл ирсэн тул Дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга М.Бадрахад хүсэлт тавьж, сонгуулийг хэвийн явуулах бэлтгэлийг хангасан.
Тухайлбал, эмх замбараагүй байдал үүсэхээс сэрэмжилж, Цагдаагийн байгуулагад хандсан боловч намын дотоод асуудалд оролцохгүй, ажиглана гэсэн хариу өгсөн тул хамгаалалтын албатай гэрээ байгуулсан, видео бичлэгүүд хийсэн, шаардлагатай бол санал авах байрыг нүүлгэн шилжүүлэх байрыг ч бэлдсэн” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Цэргийн дуу бүжгийн чуулгын хурандаа н.Золзаяа хэсгийн хорооны үйл ажиллагааг зогсоох зорилгоор гэрэл унтрааж, тайзан дээрх тугнуудыг буулгах оролдлого хийсэн. Мөн жижүүртээ үүрэг өгч, саналын хайрцгийг үүдэнд гаргуулсан. Жагсагчдын нэг хэсэг нь саналыг хайрцгийг эвдэлж, нөгөө хэсэг нь саналын хайрцгийг авч зугтаасан. Олон нийтийн сүлжээгээр Дотоод сонгуулийн хорооны ажилтан саналын хайрцгийг авч зугтаасан мэтээр мэдээлж байгаа нь ташаа мэдээлэл гэдгийгхариуцлагатайгаар мэдэгдье.” гэлээ.
Дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүн Д.Нямхүү “ДСНДХ-ны гишүүд бид цөөнхөө хүндэтгэж, олнохоороо шийдвэр гарган, албан ёсоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Байрыг стандартын дагуу хоёр хаалгатайгаар бэлдсэн. Гэвч Ардчилсан намын шинэчлэлийг эсэргүүцсэн хэсэг бүлэг этгээд гишүүдийн санал өгөх эрхэд халдсан тул бид нөгөө хаалгаар санал өгөх эрхийг хангасан.
Офицеруудын ордонд Хэсгийн хорооны ажилтнуудыг хөөж гаргасан, гэрэлтүүлэг тасалсан гэх мэт асуудал үүссэн тул бид Дотоод сонгуулийн хороонд яаралтай хүсэлт гаргаж, Дотоод сонгуулийн хороо 35 дугаар тогтоолоо гаргаснаар Санал авах байрыг 11-р хорооны байрандшилжүүлсэн” хэмээн мэдэгдлээ.
Мэдээллийн үеэр АН-ын Үндэсний бодлогын хорооны 11 мандат, Дүүргийн намын хорооны гишүүний 56 мандатад нийт 125 нэр дэвшигч өрсөлдсөнөөс олонхийн санал авч, ялалт байгуулсан гишүүдийн нэрсийг зарлалаа.
Ийнхүү БЗД-ийн Ардчилсан намын хорооны гишүүдийн 1/3 орчим нь шинэчлэгдсэн нь тус намын хороонд салхи орох нөхцөлийг бүрдүүллээ гэж ажиглагчид үзэж байна. Учир нь Баянзүрх дүүргийн АН-ыг олон жил удирдсан Д.Пүрэвдаваа болон түүний багийнхан дүүргийн намын хороо болон хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нар, түүнчлэн төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг хүртэл өөрийн хүмүүсээр бүрдүүлж, өөрсдийнхөө хууль бус үйлдлүүдийг хамгаалж ирсэн бөгөөд энэхүү бүтэцдээ гадны хүн оруулдаггүй, шинэчлэлийн салхи оруулах гэсэн хүн бүрийг бөөнөөрөө нийлж, хайр гамгүй нухчин дардгийг баярнзүрхчүүд ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ байдлыг халж чадаагүй байсан юм.
Харин АН-д шинэчлэл өрнүүлж буй С.Эрдэнэ даргатай баг энэ байдалд цэг тавихаар зориглон хөдөлж байгаад жирийн гишүүд дэмжигчид нь талархан хүлээж авч байгаа аж.
Ж.Эрхэс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ