С.Баярцогт хоригдож, Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзээгүй 7 хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улс төрд
С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэр гарав
С.Баярцогтыг энэ сарын 1-ны өдөр цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Мөн Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гарлаа.
Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх талаар санал асуулга явуулж эхлэв
Ерөнхийлөгчийн Тамгын Газраас цаазын ялын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга "Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй. Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна. Иймд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэлж байна” гэв.
"АН-ын хүмүүсийг шалгаж байгаа нь улс төрийн зорилготой байх вий"
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол бий. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй, С.Баярын Засгийн газар баталсан. С.Баярын Засгийн газрын үед хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажлын хэсгийг Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол холбогдох хүмүүсийг нь шалгахгүй, байцаахгүйгээр гэнэтхэн Ардчилсан намтай холбоотой хүмүүсийг шалгаж байгаа нь улс төрийн зорилготой байх вий гэсэн болгоомжлол байна” гэлээ.
Ч.Сайханбилэг: Надад хууль зөрчсөн үйлдэл, бусдаас авсан авлига байхгүй
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд яаралтай дуудаж байцаалт авах тухай АТГ-аас мэдээлсэн билээ. Энэ мэдээллийн дараа түүнийг оргон зайлсан байж магадгүй, ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжилна гэх мэдээлэл цахим ертөнцөд тарсантай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Лондонгоос захидал бичжээ.
Тэрээр захидалдаа “Би Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга” хэмээн дурдсан байв.
Х.Баттулга: АТГ-ын даргыг ажлаас нь яаралтай чөлөөлнө
УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногт нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүдийн ирц 80.3 хувьтай байв.Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг анхаарлын төвд байлаа. Тэрбээр“Оффшор данстантай тэмцэх ажилд АТГ хойрго хандаж байна. Өнөөдөр Монгол Улс Авлигын индексээр 31 байраар ухарлаа. АТГ энэ талаар нэг ч дорвитой ажил хийсэнгүй. Би ойрын үед АТГын даргыг яаралтай солих даргаар УИХ-ын даргад тавина. УИХ-ын гишүүд Та бүхэн энэ тохиолдолд уг асуудлыг шийдэхгүй байхаас аргагүй. АТГ-ын даргад нэр дэвшүүлэх эрх надад байгаа ч томилох эрх нь УИХ-д байна.Одоо хараад суух цаг хугацаа байхгүй” гэсэн юм.
Х.Нямбаатар: Эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хандан захидал илгээсэн. Тэрээр захидалдаа “Албан тушаал, эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё. Надад баримт, Танд “андууд” байна. Олон баримт цааш нь дэлгэж оюун бодлыг чинь чилээлгүй түр энд хүрээд завсарлая. Олон жил хөвөрсөн завхарлын утсыг ээрч чадалгүй алдсан учгийг бас тайлъя. Монгол Улсад Таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа л юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай” гэсэн байв.
Туркийн Ерөнхий сайд Монголд айлчлав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ноён Ерөнхий сайдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд нарын албаны хүмүүс угтан авлаа. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхсан юм.
Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэнгүй
МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байна. Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон юм.УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасныг бүлэг хэлэлцсэн боловч уг асуудлыг хэлэлцэхэд хууль, эрх зүйн ойлгомжгүй байдал үүссэн байна.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийг хүчингүй болгосон учраас хуулиар УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх эрхийг хамтад нь хүчингүй болгосон юм.
Тиймээс УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй болсон тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулсан юм.
Нийгэмд
Иргэд харьяа дүүргээсээ гадаад паспорт авах боломжтой боллоо
Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр боллоо.
"Л.Чинбат МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон нь үнэн" гэв
"Монголын Үндэсний Бөх"-ийн холбооноос мэдээлэл хийлээ. МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх тус холбооноос гаргаж буй мэдэгдлийг уншиж танилцууллаа. Тэрээр “Гурван шатны шүүхийн шийдвэрээр хуралдсан МҮБХ-ны ээлжит бус Их Эеэс сонгогдсон Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүн мөн болохыг гэрчилж Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр олголоо. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн нэг л МҮБХ байгаа бөгөөд түүний тэргүүн нь Лхагва овогтой Чинбат мөн болохыг баталгаажуулсан хэрэг юм” гэв.
Сувилагч нар ажил хаялт зарлахаа мэдэгдэв
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар мэдээлэл хийлээ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар "Улсын гурван талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлж, цалин орлого хүний нөөцийн бодлогыг зөв болгох асуудлыг Засгийн Газар яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол сувилагч нар улс орон даяар тэмцэлд нэгдэж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна.
Сувилагч нар өнөөдрийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээрээ 100 мянга гаруй төгрөг авдаг. Хамгийн багадаа нэг сая төгрөгт хүрэхгүй бол Монгол Улсад ажиллах сувилагч олдохоо болилоо” гэлээ.
Дэлхийд
Трамп Путинийг Цагаан ордонд урив
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд уулзахыг Оросын төрийн тэргүүн Владимир Путинд санал болгожээ. Төрийн тэргүүний туслах Юрий Ушаков ингэж ярьсныг Интерфакс агентлаг уламжилсан байна.
“Хоёр ерөнхийлөгчийг утсаар ярихад Трамп анхны уулзалтыг Вашингтонд, Цагаан ордонд хийхийг санал болгосон юм. Энэ бол нэлээд сонирхолтой, нааштай санаа” гэж тэр хэлжээ.
АНУ Хятадын бараанд нэмэлт гаалийн татвар ногдуулна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд 100 тэрбум долларын нэмэлт гаалийн татвар ногдуулах боломжийг судлахыг АНУ-ын худалдааны төлөөлөгчид даалгажээ. Цагаан ордноос тараасан мэдэгдэлд ингэж дурдсаныг Ройтерс агентлаг уламжилсан байна. Өмнө нь АНУ Хятадын бараанд ногдуулдаг гаалийн татварыг 50 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, хариуднь Хятадын тал адилхан арга хэмжээ авахаа зарласан юм.
Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд 24 жил хорих ял оноов
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурал өчигдөр болж өндөрлөлөө. Шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны торгууль ноогдуулсан байна. Пак Гын Хэд нийт 18 хэрэг тулгаад байсны гурвыг нь хэрэгсэхгүй болгож, 15-д нь ял оноожээ. Прокурорууд өмнө нь Пак Гын Хэд 30 жилийн хорих ял төлөвлөөд байсныг ийнхүү 24 жил болгож байна.
Экс ерөнхийлөгч өөрийгөө буруугүй, улс төрийн золиос болсон гэж үзсээр байжээ. Өнөөдрийн хуралд тэрээр биеийн байдал муу байгаа гэсэн шалтгаанаар оролцоогүй байна.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ